ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
Хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг төр хариуцан арилгах үүрэгтэй
2026-05-05 Админ Хандсан тоо: 1 Хуваалцах
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой
Шийдвэрийн дугаар: 2025 оны 08 сарын 21-ний өдрийн Дугаар 103/ШШ2025/00668
Хүчин төгөлдөр болсон эсэх: Хүчин төгөлдөр болсон
Г хууль бусаар цагдан хоригдсоны улмаас учирсан хохирол, ИС ХХК-ийн олох ёстой орлого, өмгөөлөл хууль зүйн туслалцаа авсан хөлс, сэтгэл санааны хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд гуравдагч этгээд Монгол Улсын Засгийн газар эс зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой баримт хангалтгүй, хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргасан.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14-т “гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно”гэж заасан бөгөөд нотлогдоогүй бол гэм буруугүйд тооцогдох зарчмын агуулгаар эрүүгийн гэмт хэрэгт шалгах эрх бүхий байгууллагын хууль ёсны ажиллагаа явагдсан хэдий ч эцэст нь тухайн этгээд гэм буруутай болох нь тогтоогдоогүй нөхцөлд дээрх ажиллагааны эрх зүйн үр дагаврыг төр хариуцах үүрэгтэй болдог.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4.-т зааснаар хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн,захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-т “...Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ...” гэж, мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т “…Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана…” гэж заажээ.
Г нь хууль бусаар цагдан хоригдсон болох нь түүнийг яллагдагчаар цагдан хорьсон захирамж, шийтгэх, цагаатгах тогтоолуудаар тогтоогдож байх тул нийт 161 хоног цаглан хоригдсоны нөхөн олговорт 1.171.882 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргаж, Г-д олгох, нэхэмжлэгч нь 2010 оноос сэжигтэн, яллагдагчаар татаж, шүүхээс хоёр удаа хорих ял сонсож, үүний улмаас 161 хоног ялтнаар цагдан хоригдсон байх тул сэтгэл санааны хохирол 20.000.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн.
Мөн Г нь эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаж, цагдан хоригдсон, шүүхээс ял шийтгэл оногдуулсны улмаас өмгөөлөгч авсны улмаас өмгөөлөгч авч, хөлс төлсөн нь тогтоогдсон үндэслэлээр өмгөөллийн хөлсийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулж, Г-д олгохоор шийдвэрлэсэн.
Харин Г-ийн эзэмшлийн ИС ХХК-ийн олох ёстой орлого 177.680.473 төгрөг гаргуулах шаардлага, 2010-2012 оны орлого шаардах эрхтэй этгээд гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар нэхэмжлэгч хөөн хэлэлцэх ерөнхий хугацаанд нэхэмжлэл гаргасан бөгөөд түүний өмнө гаргасан нэхэмжлэлийг буцаасан байгаа тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзсэн.
Хураангуйг бэлтгэсэн: Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго
Шүүхийн шийдвэрийн дэлгэрэнгүйтэй дараах линкээр танилцана уу.
https://shuukh.mn/single_case/201383?daterange=2025-01-01%20-%202025-11-11&id=1&court_cat=1&bb=1