Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоохгүй
2026-05-05 Админ Хандсан тоо: 3 Хуваалцах

Шүүхийн шийдвэрийн дугаар:126/ШШ2025/0018

Шүүхийн шийдвэрийн огноо: 2025.10.17

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр

Санамж: Энэхүү хураангуй нь шүүхийн шийдвэрийг орлохгүй ба хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтооход дэмжлэг үзүүлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг сурталчлах болон иргэд, олон нийтийн эрх зүйн мэдлэгт зориулсан бөгөөд хураангуйд ашигласан шийдвэр нь анхан шатны шүүхийн шийдвэр болно.

Хэргийн тухай товч: Нэхэмжлэгч Н нь Хөвсгөл аймгийн нэгэн сумын Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байсан. Түүнийг албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо удаа дараа хангалтгүй биелүүлж, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болж төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн гэх үндэслэлээр даргын албан тушаалаас бууруулж, хүүхдийн эмчээр томилжээ.

Нэхэмжлэгчийн зүгээс албан тушаал бууруулсан тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн.

Шүүхийн шийдвэрт: Нэхэмжлэгч томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед сумын Эрүүл мэндийн төвийн зарим эмч ажилтнуудыг Улаанбаатар хот руу урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахаар авч явахдаа аймаг, сумын удирдлагуудад мэдэгдээгүй. Энэ хугацаанд нэг хүүхдийн эрүүл мэндийн байдал хүндэрсэн нь нотлогдсон. Түүнчлэн Н нь өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тул түүнийг сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоох боломжгүй. Албан тушаал бууруулсан тушаал үндэслэлтэй гэж шүүх үзсэн.

 

Тойм бичсэн: Ерөнхий шүүгч Ж.Ганчимэг