ЯЛЛАГДАГЧ Ш.Ш, Л.С, С.Э НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ПРОКУРОРТ БУЦААВ.
2026-10-14 Админ Хандсан тоо: 24 Хуваалцах

 Шүүхийн нэр: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх.             

 Шийдвэрийн дугаар: 2026/ШЗ/6614

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Шийдвэрийн тоймын огноо: 2026.08.27

Санамж: Энэхүү тойм нь Шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.                                   

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллагдагч Ш.Ш, Л.С, С.Э нарыг хүчиндэх буюу 2002 оны Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэгт яллагдагч нарын өмгөөлөгч нараас “...шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх тухай...” хүсэлт гаргасны дагуу хэргийг урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар хаалттай хянан хэлэлцэв.

Хуралдаанд оролцсон оролцогч нараас гаргасан хүсэлт, тайлбар, дүгнэлт болон хавтаст хэрэгт бэхжүүлсэн нотлох баримтаар хэрэгт дахин мөрдөн шалгах ажиллагаагаар нэмж хийлгэх үндэслэлүүд тогтоогдсон гэж үзэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ.

Тодруулбал: Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, яллагдагч, тэдгээрийн өмгөөлөгч нараас гаргасан нотлох баримтууд шалгуулах, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх талаар хүсэлтүүдэд дурдсан ажиллагаануудыг хийж гүйцэтгэх нь хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, түүнчлэн нэр бүхий яллагдагч нарт холбогдох хэргээс Б.М-д холбогдох хэргийг тусгаарласан нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохуйц нөхцөл байдал тогтоогдсон.

Шүүхээс буцаасан дээрх үндэслэлд дурдсан мөрдөн шалгах ажиллагаануудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул яллагдагч Ш.Ш, Л.С, С.Э нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн болно.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Түвшинтөгс