ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
Иргэдийн төлөөлөгчдийн хуралд суудалтай улс төрийн намуудад суудлын мөнгө олгосон нь хууль бус
2026-05-05 Админ Хандсан тоо: 4 Хуваалцах
Шүүхийн шийдвэрийн дугаар: 126/ШШ2026/0005
Шүүхийн шийдвэрийн огноо: 2026.03.05
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
Санамж: Энэхүү хураангуй нь шүүхийн шийдвэрийг орлохгүй ба хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтооход дэмжлэг үзүүлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг сурталчлах болон иргэд, олон нийтийн эрх зүйн мэдлэгт зориулсан бөгөөд хураангуйд ашигласан шийдвэр нь анхан шатны шүүхийн шийдвэр болно.
Хэргийн тухай товч; 2022 онд аймгийн ИТХ-ын тогтоолоор хуралд суудалтай намуудад суудлын мөнгө 82.0 төгрөг олгохоор төсөвт тодотгол хийсэн. Уг тогтоолын дагуу ИТХ-ын ажлын албанаас Хуралд суудалтай намуудад суудлын мөнгө гэх 82.0 сая төгрөгийг шилжүүлжээ. Орон нутгийн чиг үүрэгт хамаарахгүй зардал гарган намын суудлын мөнгө гэх мөнгөн дэмжлэг олгосон нь хууль бус. Хуульд зааснаас өөр хэлбэрээр тэтгэмж, шагнал, урамшуулал дэмжлэг олгохыг хориглоно гэж төрийн аудитын байгууллага үзсэн. Санхүүгийн тайланд хийсэн аудитаар 82.0 сая төгрөгийг буцаан төлөөлүүлэхээр акт тогтоосон байна.
Нэхэмжлэгч ИТХ-ын Ажлын алба төсвөөс улс төрийн намын байгууллагад дэмжлэг үзүүлэхийг хуулиар хориглоогүй, батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулсан, аудитын актыг бодит нөхцөл биелүүлэх боломжгүй, гүйцэтгэх этгээд тодорхой бус, хууль бус үйлдэл хийхийг шаардсан тул аудитын акт илт хууль бус. ИТХ болон Хурлын даргын захирамжийг биелүүлсэн төрийн албан хаагчид 82.0 сая төгрөг төсөвт төвлөрүүлэхийг хариуцуулсан нь буруу хэмээн маргасан.
Шүүх Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид намын суудлын мөнгө болон төлөөлөгчийн суудлын мөнгө гэсэн аливаа тэтгэмж, шагнал, урамшуулал, дэмжлэг олгох харилцааг хуулиар зөвшөөрөөгүй тул аудитын акт үндэслэлтэй.
Хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ төсвийн хөрөнгийг хуулиар зөвшөөрөөгүй зардалд зарцуулсан төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааг зөвтгөх үндэслэлгүй. Аудитын акт илт хууль бус биш байна гэж үзэв.
Тойм бичсэн: Ерөнхий шүүгч Ж.Ганчимэг