Захиргааны байгууллага хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй нь иргэний газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл болохгүй
2026-05-05 Админ Хандсан тоо: 4 Хуваалцах

Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2026.02.05 №126/ШШ2026/0003

Тоймын дугаар, огноо: Шүүхийн шийдвэрийн тойм №1

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэт шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2025 оны А/311 дүгээр захирамжаар иргэн Л-ын газар эзэмших эрхийг “иргэн О-ын орц гарцыг хаасан, мөн хээрийн судалгаа хийлгүйгээр газар эзэмшүүлсэн” гэсэн үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Тус захирамжийг хүчингүй болгуулахаар иргэн Л шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлдээ: “...Газрын тухай хуулийн ямар заалт, журмыг зөрчсөн талаар захирамждаа дурдаагүй Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хийгээгүй...” гэж тайлбарласан.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргаас “...иргэн О-ын хашааны хаалгыг хааж нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн, биечлэн уулзаж сонсох ажиллагаа хийсэн, мөн тухайн газрын даамал хээрийн судалгаа хийгээгүйн улмаас энэхүү маргаан үүссэн” гэж маргажээ.

Шүүхээс хариуцагч байгууллагыг журмаар хүлээсэн хээрийн судалгаа хийх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй байдлаа газар эзэмшигчид хамаатуулж түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй, мөн хэрэгт авагдсан баримтаас үзэхэд иргэн О болон Л нарын эзэмшиж буй газрууд нь хоорондоо зайтай бөгөөд орц гарц гэх хэсгээрээ иргэн О нь кадастрын зургаасаа томруулж илүү газар хашаалсан байхад Л-ын газар эзэмших эрхийг О-ын орц гарцыг хаасан гэж тайлбарлан хүчингүй болгож буй нь үндэслэлгүй үзсэн.

Мөн нэгэнт иргэнд эзэмшүүлж болох газар гэж газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаж иргэнээс газар эзэмших хүсэлт гаргасан, нөгөөтээгүүр нийтийн эзэмшлийн газар болгохоор шийдвэрлэсэн аливаа шийдвэр гараагүй нөхцөлд Мөрөн сумын Засаг даргаас газар эзэмших эрхийг нийтийн эзэмшлийн газар гэсэн үндэслэлээр хүчингүй болгож байгаа нь буруу гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв

 

Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос: https://shuukh.mn/single_case/20248?daterange=2026-01-01%20-%202026-04-16&id=1&court_cat=3&bb=1

 

Тойм бэлтгэсэн: Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхболор