ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААХ ГЭМТ ХЭРГИЙН ХҮРЭЭ ХЯЗГААРЫГ ТОДОРХОЙЛОХТОЙ ХОЛБООТОЙ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ШҮҮХИЙН ШИЙДВЭРТ ХИЙСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ ГАРЛАА
2025-07-02 Админ Хандсан тоо: 182 Хуваалцах
Худал мэдээлэл тараах гэмт хэргийн агуулга, хүрээ хязгаарыг тодорхойлохтой холбоотой Монгол Улсын дээд шүүхийн 2024 оны 2024/ХШТ/110 дугаар тогтоолд хийсэн дүн шинжилгээ гарлаа.
Энэхүү дүн шинжилгээ нь хяналтын шатны шүүхээс худал мэдээлэл тараахтай холбоотой эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн тогтоолын хууль зүйн үндэслэл, холбогдох хуулийг тайлбарлан хэрэглэх ажиллагаанд оруулсан хувь нэмэрт дүгнэлт хийсэн юм. Хэргийн тухайд 2023 оны хоёрдугаар сарын 12-нд иргэн Б нь олон нийтийн сүлжээгээр зарим улс төрч, олон нийтийн оролцогчдыг “нам дагаж хоолоо олж иддэг гөлөгнүүд”, “шоронгийн манаач” гэх мэтээр доромжилж, тэднийг УИХ-ын сонгуулиас өмнө “зайлуулахгүй бол ардчилсан сонгууль яригдах боломжгүй” хэмээн бичсэн нь худал мэдээлэл тараасан гэх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхээс гэм буруутайд тооцогдож, торгууль оногдуулсан.
Гэвч хяналтын шатны шүүх уг үйлдлийг “доромжлолын шинжтэй” гэж дүгнэсэн боловч 2015 оны Эрүүгийн хуулиар доромжлолыг гэмт хэрэгт тооцохоо больсон тул шүүгдэгчийг цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ нь “худал мэдээлэл тараах” гэмт хэргийг ялган ойлгох, хууль хэрэглээний хүрээг тодорхойлох нэгэн жишиг шийдвэр болсон юм. Дүн шинжилгээнд дурдсанаар, “худал мэдээлэл” нь зөвхөн худал агуулгатай байхаас гадна зориудын, бусдын нэр төрд хор учруулахаар чиглэсэн, үнэн мэт ойлгогдох хэлбэрээр нийтэд тараасан байхыг хэлнэ. Харин бодит баримтад суурилсан шүүмжлэл, улс төрийн байр суурь, эсвэл үнэн гэж итгэсэн ч бодит байдалд нийцээгүй мэдээллийг гэмт хэрэгт тооцох ёсгүй хэмээн тайлбарлажээ. Шүүхийн шийдвэрт дурдсанаар “худал мэдээлэл” гэж үзэхийн тулд хэд хэдэн шалгуур хангасан байх шаардлагатай.
Үүнд: мэдээлэл нь бодит бус байх, үнэн гэж ойлгогдохуйц байдлаар олон нийтэд тараагдсан байх, хүний нэр төрд бодит хор хохирол учруулсан байх, мөн үүнийг тараасан этгээд зориуд, санаатайгаар тараасан байх шаардлагатай. Харин тухайн мэдээлэл нь ерөнхий агуулгатай шүүмжлэл байсан, нийтийн ашиг сонирхолд хамаарах асуудлыг хөндсөн, эсвэл хувь хүний үзэл бодлын илэрхийлэл байсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй хэмээн шүүх дүгнэжээ. Хяналтын шатны шүүхийн энэхүү шийдвэр нь “худал мэдээлэл тараах” гэмт хэргийн эрх зүйн хэрэглээг тодорхой зааглах, хүний нэр төрийн эсрэг халдлага болон үзэл бодлоо илэрхийлэх эрхийн хоорондын ялгааг шүүхийн практикт оновчтой тогтоосон анхны жишиг тохиолдлуудын нэг болж байна. Энэ нь хуульч, сэтгүүлч, эрх зүйт төрийн төлөө ажиллагч бүх талуудад хууль зүйн суурь ойлголтыг өгч, эрүүгийн эрх зүйд мэдээллийн агуулгыг хүний эрхийн хүрээнд хэрхэн дүгнэх ёстойг харуулсан чухал ач холбогдолтой шийдвэр юм.
Дүн шинжилгээтэй дэлгэрэнгүй танилцахыг хүсвэл энд дарж үзнэ үү.