Монгол, Солонгос хоёр улсын хамтарсан олон улсын семинар боллоо
2025-10-03 Админ Хандсан тоо: 193 Хуваалцах

Монгол, Солонгос хоёр улс хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шүүхийн хүртээмжийг хангах нь” сэдэвт олон улсын семинарыг 2025 оны 10 дугаар сарын 2-ны өдөр зохион байгууллаа.
Олон улсын энэхүү семинар нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шударгаар шүүхэд хандах эрхийг НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн конвенцын (UNCRPD) 13 дугаар зүйлийн хүрээнд бодитой хэрэгжүүлэх арга замуудыг судлах зорилгоор зохион байгуулагдаж байгаа бөгөөд шүүхэд хандах эрхийг хангах эрх зүйн зохицуулалт, шүүх байгууллагын сорилт боломж ба тулгарч буй бэрхшээлүүд зэрэг сэдвийн хүрээнд хоёр улсын төлөөлөгчид илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв.


Энэ үеэр Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч, шүүгч-сургагч багш З.Тунгалагмаа “Монголын шүүхийн байгууллагын хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэмжлэгийн тогтолцоо ба сүүлийн үеийн чиг хандлага” сэдвээр илтгэл тавьж, мэдээлэл хүргэлээ.


Семинарт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл, Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг, П.Туяа, Г.Солонго, Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа нар оролцлоо.


МЭДЭЭЛЛИЙН ТӨВ