Эрүү болон Иргэний хэргийн шүүхийн шүүгчдийн заавал судлах мэргэшүүлэх сургалт эхэллээ
2026-11-16 Админ Хандсан тоо: 258 Хуваалцах

Эрүү болон Иргэний хэргийн шүүхийн шүүгчдийн заавал судлах мэргэшүүлэх сургалт өнөөдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр эхэллээ.
Энэ сарын 16-19-ний өдрүүдэд зохион байгуулагдах тус сургалт нийслэл болон орон нутагт бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулагдаж байна.
Тодруулбал, баруун бүсийн сургалт Ховд аймагт, хангайн бүсийн сургалт Архангай аймагт, төвийн бүсийн сургалт Сэлэнгэ аймагт, зүүн болон говийн бүс, нийслэлийн бүсийн сургалт Улаанбаатар хотод тус тус болж байна.


Сургалтаар эрүүгийн эрх зүйн чиглэлээр Эрүүгийн хуулийг хэрэглэх онол, арга зүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн хэрэглээ, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг төсөөтэй гэмт хэргээс ялган зүйлчлэх, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээтэй холбоотой хууль хэрэглээний асуудлыг судална.
Энэ хүрээнд Улсын дээд шүүхийн шүүгч, Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр тэргүүтэй эрүүгийн эрх зүйн чиглэлийн 15 шүүгч сургагч багш Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлт, тэдгээрийн уялдаа, хэрэглээ, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг төсөөтэй гэмт хэргээс ялган зүйлчлэх зэрэг сэдвээр сургалт явуулж байна.


Харин иргэний эрх зүйн чиглэлээр үүргийн эрх зүйн тулгамдсан асуудал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүхийн шийдвэр боловсруулах аргачлал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь цахимжилт зэрэг сэдвийг хамарч байна. Улсын дээд шүүхийн шүүгч, Иргэний хэргийн танхимын тэргүүн Н.Баярмаа тэргүүтэй иргэний хэргийн 15 шүүгч сургагч багш тус чиглэлийн сургалтыг явуулж байна.


Сургалтад нийслэлийн эрүү, иргэний хэргийн 301 шүүгч, орон нутгийн бүсийн сургалтад 126 шүүгч, нийт 427 шүүгч хамрагдаж байна.

 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ