ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүхийн шүүгч ба хүүхэд, гэр бүлийн мэргэжилтний уулзалт, хэлэлцүүлэг боллоо
2026-11-13 Админ Хандсан тоо: 226 Хуваалцах
Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн академи хамтран шинээр байгуулагдсан Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн шүүгч, хүүхэд, гэр бүлийн мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааны уялдаа холбоог хангах, шүүн таслах ажиллагаанд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх арга зүйг тодорхойлох зорилгоор “Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүхийн шүүгч ба хүүхэд, гэр бүлийн мэргэжилтний уулзалт, хэлэлцүүлэг”-ийг 11 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг Улсын дээд шүүхийн шүүгч, Иргэний хэргийн танхимын тэргүүн Н.Баярмаа санаачлан, удирдан зохион байгуулсан бөгөөд “Гэр бүлийн холбогдолтой иргэний хэрэгт дүгнэлт гаргах аргачлал”-ын талаар танилцууллаа. Тэрээр Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн нь асуудлыг шийдвэрлэх аргыг тодорхойлох зорилгоо биелүүлэхийн тулд хүмүүсийн харилцааг зохицуулах, хурцадсан сэтгэл хөдлөлийг намжаах зэрэг арга хэмжээ авч, талууд тайван, бүтээлч байдлаар шийдвэрт хүрэх, шүүхийн ажиллагаанд оролцоход туслах үүрэгтэй. Энэ зорилгоор шүүх, нийгмийн бусад байгууллагатай хамтран ажиллаж, нөхцөл боломжийг хуульд заасны дагуу хэрэглэх эрхтэй гэдгийг хэлж байв. Мөн Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтний гаргах дүгнэлт, тайлангийн жишээг БНСУ-ын загвартай харьцуулан тайлбарлаж, дасгал ажиллууллаа.

Харин Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн “Гэмт хэрэгт холбогдсон өсвөр насны хүний талаар судалгаа хийж санал, дүгнэлт гаргах аргачлалын төсөл”-ийг Япон Улсын туршлагатай харьцуулан танилцуулав.
Б.Батцэрэн шүүгч хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн нь хүүхэд, гэр бүлийн нөхцөл байдлыг судлах чиг үүрэг бүхий шүүхийн захиргааны ажилтан болохыг онцлоод, гэмт хэрэгт холбогдсон хүүхдийн талаар судалгаа хийхдээ баримтлах үндсэн зарчмуудыг тайлбарлав. Тухайлбал, хүүхдийн дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавих, хүүхдийн оролцоог хангах, нас, хөгжлийн онцлогт нь нийцүүлэн судалгаа явуулах, гэм буруутай эсэхийг урьдчилан тогтоохгүй байх, өөрийнхөө эсрэг тайлбар өгөхийг албадахгүй байх, өмгөөлүүлэх эрхийг хангах, хариулаагүй байдлыг сөргөөр үнэлэхгүй байх зэрэг зарчмыг баримтлах нь зүйтэйг дурдаж байсан юм.
Түүнчлэн Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул “Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтний аюулгүй байдал” сэдэвт илтгэлдээ мэргэжилтний ажлын онцлог, судалгаа хийх явцад тулгарч болзошгүй эрсдэл ба аюулгүй байдлаа ханган ажиллах шаардлагын талаар хөндлөө.
Тэрээр гэр бүлийн хүчирхийлэл нь ихэвчлэн хаалттай орчинд нүднээс далд үйлдэгддэгээрээ бусад төрлийн хүчирхийллээс онцлогтой гээд, хүчирхийлэл үйлдэгч нь гэр бүлийн бусад гишүүнийг өөрийн эрхшээл, хяналтад байлгах, гэр бүлийн харилцаанд давамгай байр суурь тогтоох зорилгоор хүчирхийлэл үйлддэг тул энэ төрлийн нөхцөл байдлыг судлахдаа мэргэжилтэн аюулгүй байдлын эрсдэлийг урьдчилан тооцож, болгоомжтой ажиллах нь чухал болохыг онцолсон юм.
Үргэлжлүүлэн Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг “Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн ба нийгмийн ажилтан, үйл ажиллагаа, чиг үүргийн харилцан хамаарал”, тус шүүхийн шүүгч Г.Солонго “Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүгч ба хүүхэд, гэр бүлийн мэргэжилтний харилцаа”, шүүгч Х.Отгонжаргал “Шүүхийн захиргааны бусад ажилтнууд ба хүүхэд, гэр бүлийн мэргэжилтний харилцаа”, шүүгч Б.Болор-Эрдэнэ “Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн ба процесс ажиллагааны бусад шинжээч” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлж, холбогдох чиг үүрэг, хамтын ажиллагааны уялдаа холбоо, практикт анхаарах асуудлаар санал солилцлоо.
Хэлэлцүүлэгт танхимаар, Нийслэл дэх гэр бүл, хүүхдийн хэргийн анхан болон давж заалдах шатны 17 шүүгч, тус шүүхийн Тамгын газрын дарга нар мөн “Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтнийг бэлтгэх” сургалтад хамрагдсан 23 мэргэжилтэн оролцсон бол, цахимаар 100 орчим орон нутгийн шүүгч, мэргэжилтэн хамрагдав.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ