ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи, Шүүхийн ерөнхий зөвлөл болон Монголын Хуульчдын холбооны төлөөлөл уулзлаа
2026-11-06 Админ Хандсан тоо: 273 Хуваалцах
Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи, Шүүхийн ерөнхий зөвлөл болон Монголын Хуульчдын холбооны төлөөлөл 11 дүгээр сарын 6-ны өдөр уулзаж, шүүгчийн сургалтын багц цаг, хуульчийн мэргэжлийн үргэлжилсэн сургалтын чанар, хүртээмжийг сайжруулах, сургалтын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо.
Уулзалтад Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн захирал Д.Эрдэнэчимэг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Б.Даваажав, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Д.Мөнхзориг болон Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч М.Мөнхбат, тус холбооны Тамгын газрын дарга Ш.Жолбарс, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн Сургалтын төвийн дарга Г.Халиунаа, Монголын Хуульчдын холбооны сургалт хариуцсан мэргэжилтэн Г.Сарангэрэл нар оролцов.
Уулзалтаар шүүгчийн сургалтын багц цагийн хангалттай холбоотой тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх санал, шийдэл боловсруулах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл болон Монголын Хуульчдын холбооны хамтарсан ажлын хэсэг байгуулахаар санал нэгдлээ.
Түүнчлэн Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи болон Монголын Хуульчдын холбоо хамтын ажиллагааны гэрээ байгуулж, сургалтын бодлого, зохион байгуулалт, хуулийн хэрэгжилтийн уялдаа, холбоог хангах чиглэлээр хамтран ажиллахаар тогтов. Тухайлбал, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан зохицуулалтын хүрээнд шүүгчийн багц цаг хангасан тухай мэдээллийг цахим системээр харилцан солилцох, хуульчийн мэргэжлийн үргэлжилсэн сургалтын нэгдсэн бодлого боловсруулах, сургалтын хөтөлбөрийн агуулга, арга зүйг уялдуулах, сургалтын хөтөлбөр болон багшлах нөөцийг харилцан ашиглах чиглэлээр хамтран ажиллана.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ