ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН “ХҮН ТӨВТЭЙ ШУДАРГА ЁСЫГ ЦОГЦЛООЖ, ОЛОН НИЙТИЙН ИТГЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” УУЛЗАЛТ БОЛЛОО
2026-10-19 Админ Хандсан тоо: 36 Хуваалцах
Монгол Улсын Дээд шүүх, Шүүхийн академи, Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны удирдлагууд Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO)-ын Ерөнхий захирал Жан Бийгл, Монгол Улс дахь суурин төлөөлөгч Чарльз Болланд тэргүүтэй төлөөлөгчдийг 2026 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар талууд хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, хамтын ажиллагааны үр дүн ололт сургамжийн талаар хэлэлцэн Монгол Улсын шүүхийн салбарт хийгдэж буй шинэчлэл, тэргүүлэх чиглэлүүдийг танилцуулж, шударга ёсны хүртээмжийг нэмэгдүүлэх, шүүхийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, олон нийтийн шүүхэд итгэх итгэлийг бэхжүүлэх чиглэлээр санал солилцлоо.
Мөн ОУЭЗХБ-аас хэрэгжүүлж буй “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь”-II шат (2025-2030), Европын Холбооны санхүүжилттэй “Шүүх эрх мэдлийн хамтын ажиллагаа ба ил тод байдал” (2024-2026) төслийн хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, хуримтлуулсан туршлагад тулгуурлан талууд харилцан санал, сэтгэгдлээ нээлттэй хуваалцлаа.
Улсын дээд шүүхийн шүүгч, Иргэний хэргийн танхимын тэргүүн Н.Баярмаа уулзалтын үеэр Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO)-тай олон чухал сэдвээр төсөл хэрэгжүүлэн ажиллаж ирснийг онцлоод, тус байгууллага нь шүүх эрх мэдлийн байгууллагын бодит хэрэгцээ шаардлагыг гүнзгий мэдэрч ажилладаг болохыг тэмдэглэв.
Тухайлбал, Европын Холбооны санхүүжилттэй “Шүүх эрх мэдлийн хамтын ажиллагаа ба ил тод байдал” (2024–2026) төсөл болон “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” II шат (2025–2030) төслийн хүрээнд шүүгч, шүүхийн захиргааны ажилтан болон хүүхэд гэр бүлийн хэргийн мэргэжилтэн сургахад чиглэсэн гарын авлага боловсруулахад дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлж, шинээр байгуулагдаж буй тус шүүх нь хүний эрхийг хамгаалах үйл ажиллагааг шинэ түвшинд гаргаж, нийгмийн сэтгэлгээнд томоохон өөрчлөлт авчирна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Цаашид хохирогч төвтэй хэрэг хянан шийдвэрлэж ажиллагааг хөгжүүлэх ойлголтыг илүү өргөн хүрээнд авч үзэн хүн төвтэй процесс ажиллагааг хөгжүүлэх талуудын зарчмыг Монгол Улсад төлөвшүүлэхэд хамтран ажиллахыг хүсэж байгаагаа илэрхийллээ.

Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO)-ын Ерөнхий захирал Жан Бийгл “Бидний ажлын гол зорилго бол хамтрагчидтайгаа нийлж, илүү хүртээмжтэй, ил тод, хүнд чиглэсэн шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх явдал юм. Шинэ шүүхийн нээлтийн өмнөхөн хүрэлцэн ирж, нээлтэд нь оролцох боломж олдсонд туйлын баяртай байна. Энэ ажлаа бодитоор хэрэгжүүлэхийн тулд зөвхөн шүүхийн салбарын чадавхыг бэхжүүлээд зогсохгүй, гэр бүлийн мэргэжилтнүүд, сэтгэл зүйчид, нийгмийн ажилтнууд болон багш нар зэрэг олон талт мэргэжилтнүүдийн оролцоог хангах хэрэгтэй. Хамтын ажиллагаагаа цаашид улам өргөжүүлж, шударга, тэгш, тогтвортой нийгмийг цогцлооно гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүхийн бүтцийг тогтоохдоо өвөрмөц байдлыг харгалзан тус шүүхэд гэр бүл хүүхдийн хэлтсийг байгуулахаас гадна гэр бүл хүүхдийн хэргийн мэргэжилтнийг илүү сайн мэргэшүүлэн ажиллуулах шаардлагатай гэдгийг хэлж байв.
Харин Шүүхийн сахилгын хорооны дарга С.Энхтөр Шүүхийн сахилгын хороо нь Үндсэн хуулийн бие даасан шүүх эрх мэдлийн байгууллага болоод таван жил болж байна. Энэ хугацаанд ОУЭЗХБ-аас хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд шүүх эрх мэдлийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлж, иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сэтгүүлчидтэй хамтран шүүхийн үйл ажиллагаа тэр дундаа Сахилгын хорооны үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулахад ихээхэн хувь нэмэр оруулан ажилласанд талархал илэрхийлсэн юм.

Шүүхийн академийн захирал Д.Эрдэнэчимэг ОУХЭЗБ-тай хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд богино хугацаанд бодит үр дүн үзүүлж байгаад баяртай байгаагаа тэмдэглээд, Монгол Улс дахь суурин төлөөлөгч Чарльз Болланд болон төслийн багийн хамт олонд талархал дэвшүүлэв. Мөн олон улсын байгууллагуудтай хамтран ажилласны эцсийн үр дүнд шүүхэд итгэх иргэдийн итгэл нэмэгдэж, тэдний эрхийг хамгаалах тогтолцоо улам бэхэжнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Энэхүү уулзалтад Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн О.Жанчивнямбуу, Л.Өлзийжаргал, Х.Эрдэм-Ундрах, Шүүхийн сахилгын хорооны Ажлын албаны дарга М.Мөнх-Алдар, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Одонтуул болон Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Монгол улс дахь Суурин төлөөлөгч Чарльз Болланд, төслийн багийн гишүүд оролцов.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ