ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
Гэр бүл, хүүхдийн хэргийг хянан шийдвэрлэх шүүгчдийн мэргэшүүлэх сургалт өндөрлөлөө
2026-10-09 Админ Хандсан тоо: 213 Хуваалцах
Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага болон Канад Улсын Засгийн газрын санхүүжилттэй хэрэгжүүлж буй “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь (2025–2030)” төслийн хүрээнд зохион байгуулсан “Гэр бүл, хүүхдийн хэргийг хянан шийдвэрлэх шүүгчийн мэргэшүүлэх сургалт” 2026 оны 10 дугаар сарын 5-8-ны өдрийн хооронд амжилттай зохион байгуулагдаж, өндөрлөлөө.
Дөрвөн өдрийн турш үргэлжилсэн сургалтаар гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны зарчим, онцлог, урьдчилсан арга хэмжээ, түүний биелэлт, хүүхэд, гэр бүлийн мэргэжилтний оролцоо, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа, гэрлэлт, эцэг, эх, хүүхдийн хоорондын харилцаа, асран хамгаалал, харгалзан дэмжигч тогтоох, хүүхдийн тэтгэлэг, үрчлэлт зэрэг гэр бүлийн эрх зүйн харилцааны үндсэн асуудлыг судаллаа.
Мөн хүүхдийн эрхийг хамгаалах үндэсний тогтолцоо, нөхөн сэргээх зүй ёсны үзэл баримтлал, өсвөр насны хүний нийгэм, сэтгэл зүйн хөгжлийн онцлог, өсвөр насны хүнд холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчим, олон улсын сайн туршлага, эрүүгийн хариуцлага болон албадлагын арга хэмжээ хэрэглэхэд анхаарах асуудал, түүнчлэн жендерт суурилсан болон гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой зөрчил, гэмт хэргийг шалган шийдвэрлэх, шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог, шүүгчээс хүчирхийлэл үйлдэгч, гэрч, хохирогчтой ажиллах арга барилын талаар мэдлэг, ур чадвараа дээшлүүлэв.
Сургалтыг Улсын дээд шүүхийн шүүгч, Иргэний хэргийн танхимын тэргүүн Н.Баярмаа, Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батчимэг, Э.Золзаяа, Х.Эрдэнэсувд, Б.Батцэрэн, Ц.Оч, С.Соёмбо-Эрдэнэ, М.Пүрэвсүрэн, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа, Ц.Мөнхтулга, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Болормаа, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Одонтуул, Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа, Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхбилэг, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн захирал Д.Эрдэнэчимэг нар удирдан явуулсан юм.
Сургалтын төгсгөлд хэлэлцүүлэг зохион байгуулж, сургалтын явцад судалсан асуудал, практикт тулгарч буй нөхцөл байдал, цаашид анхаарах асуудлын талаар харилцан санал солилцож, сургалтад хамрагдсан Гэр бүл, хүүхдийн хэрэг хянан шийдвэрлэх анхан болон давж заалдах шатны 216 шүүгчид гэрчилгээ гардууллаа.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ