Монгол улсын шүүхийн үйл ажиллагааг цахимжуулах хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх нь (2025-2027) сэдэвт сургалт эхэллээ
2026-09-28 Админ Хандсан тоо: 144 Хуваалцах

Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи БНСУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (KOICA)-ын санхүүжилтээр БНСУ-ын Шүүхийн сургалт, судалгааны хүрээлэн  (JRTI)-тэй хамтран "Монгол улсын шүүхийн үйл ажиллагааг цахимжуулах хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх нь (2025-2027)" сэдэвт сургалтыг 2026 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн 10 дугаар сарын 02-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Эхний өдрийн сургалтыг БНСУ-ын Шүүхийн сургалт, судалгааны хүрээлэнгийн Ахлах профессор, Давж заалдах шатны шүүхийн шүүгч И Жүн Мён “БНСУ-ын шүүгчийн сургалтын тогтолцоо болон олон улсын шүүхийн байгууллагын хамтын ажиллагаа”, Шүүхийн сургалт, судалгааны хүрээлэнгийн профессор Кан Дун Вон “БНСУ-ын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ерөнхий ойлголт” сэдвээр удирдан явууллаа.

Дараагийн өдрүүдэд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Цахимжилтын төвийн дарга Т.Мөнхбаяр нар  “Монгол Улсын Шүүхийн цахимжилтын өнөөгийн байдал” сэдвээр танилцуулга хийнэ.

Сургалтыг дараах багш, мэргэжилтнүүд доорх сэдвээр  удирдан явуулна.

  • Үндэсний шүүхийн захиргааны Мэдээллийн аюулгүй байдлын хэлтсийн дарга Жу Чан Жүн “БНСУ-ын цахим шүүх хуралдааны өнөөгийн байдал”, БНСУ-ын Цахим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны системийн (эрүү, иргэн) ерөнхий тойм, “БНСУ-ын шүүхийн шүүхийн үйл ажиллагаа дахь хиймэл оюуны хэрэглээ”;
  • Шүүхийн сургалт, судалгааны хүрээлэнгийн Ахлах профессор, Давж заалдах шатны шүүхийн шүүгч И Жүн Мён “БНСУ-ын цахим шүүхийн хөгжил, өнөөгийн байдал”;
  • Сувон хотын анхан шатны шүүхийн Ансан дахь салбар шүүхийн Даргалагч шүүгч О Хён Сог “Цахим шүүх ажиллагааны системийн ахисан түвшний хэрэглээ ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дахь цахим нотлох баримтын удирдлага”.

Сургалтад шүүгч болон шүүхийн цахимжилт хариуцсан нийт 29 оролцогч хамрагдаж байна.

 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ