Монгол Улсын дээд шүүх байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал болно
2026-09-24 Админ Хандсан тоо: 766 Хуваалцах

Монгол Улсын дээд шүүх байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан “Процессын шударга ёсны үндэс: Талуудын эрх тэгш байдал ба мэтгэлцэх зарчим” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал 2026 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулагдана.

Олон улсын эрдэм шинжилгээний хурал нь үндсэн хуралдаан болон эрүү, иргэн, захиргааны эрх зүйн процессын чиглэлийн гурван салбар хуралдаанаас бүрдэх бөгөөд тухайн салбарын тулгамдсан асуудал, хөгжлийн чиг хандлага, эрх зүйн шинэтгэлийн асуудлыг хэлэлцэнэ.

Тухайлбал, эрүүгийн эрх зүйн процессын чиглэлээр “Процессын шударга ёс ба мэтгэлцэх зарчим”, захиргааны эрх зүйн процессын чиглэлээр “Захиргааны шүүхийн хамгаалал: Иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол бодитоор хамгаалагдах нь”, иргэний эрх зүйн процессын чиглэлээр “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн хөгжлийн чиг хандлага, шинэтгэлийн хүрээ” сэдвээр тус тус салбар хуралдаан зохион байгуулна.

Тус хуралд АНУ, Япон, Бүгд Найрамдах Солонгос Улс, Франц, ХБНГУ, Нидерланд зэрэг улс орны 20 гаруй зочид, төлөөлөгч, түүнчлэн дотоод, гадаадын эрдэмтэн, судлаачид, шүүгчид болон хуулийн салбарын төлөөлөл оролцоно.

Мөн олон улсын эрдэм шинжилгээний хурлыг нийт шүүхийн шүүгчдэд зориулан “Шүүгчийн сургалтын цахим систем”-д байршуулсан зүүм холбоосоор шууд дамжуулах юм.

Хурлын хөтөлбөр, илтгэгчдийн танилцуулга, илтгэлийн сэдэв болон бусад дэлгэрэнгүй мэдээлэлтэй Монгол Улсын дээд шүүх, Шүүхийн академийн цахим хуудасны УДШ-100 тусгай цэс болон энд дарж танилцах боломжтой.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ