ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН НИЙТЛЭГ БАТАЛГААГ ЗӨВХӨН ХУУЛЬД ЗААСАН ШААРДЛАГЫГ ХАНГАЖ, ЧАДАХУЙН /МЕРИТ/ ЗАРЧМЫН ДАГУУ ТОМИЛОГДСОН АЛБАН ХААГЧ ЭДЭЛНЭ
2026-09-10 Админ Хандсан тоо: 184 Хуваалцах

Нэхэмжлэгч нь Х аймгийн А сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн тоот тогтоолоор А сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон байна. Улмаар нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн тул А сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн тоот захирамжаар үүрэгт ажлаас нь чөлөөлж, төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн буцалтгүй тусламж болох 23,814,400 төгрөгийг нэхэмжлэгчид олгожээ.

Гэтэл хариуцагч болох Х аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагчаас нэхэмжлэгчийг төрийн ерөнхий болон тусгай шалгалт өгөөгүй, албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжил, мэргэшлийн шаардлага хангаагүй, хууль бусаар томилогдсон тул төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийг үндэслэлгүй олгосон гэж үзэн нэхэмжлэгчээр буцаан төлүүлэхийг А сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, нягтлан бодогч нарт хариуцуулж, төлбөрийн акт тогтоосон байна. Нэхэмжлэгчээс уг актыг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан боловч Сангийн сайдын 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн тоот албан бичгээр төлбөрийн акт тогтоосон нь үндэслэлтэй гэх хариуг өгчээ.Иймд нэхэмжлэгчийн зүгээс Х аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн тоот төлбөрийн актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.