ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 27.1.5 БОЛОН 73.3 ДАХЬ ХЭСЭГТ ЗААСАН ЗОХИЦУУЛАЛТ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ
2026-08-19 Админ Хандсан тоо: 102 Хуваалцах

Хүсэлт гаргагчийн тайлбар: Улсын дээд шүүх дараах үндэслэлээр 2017 онд батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль (цаашид “ШШГтХ” гэх)-ийн 27 дугаар зүйлийн 27.1.5 дахь заалтад "төлбөр гаргуулж болох хөрөнгө, орлого байхгүй бөгөөд хуульд заасан аргаар түүний хөрөнгө, орлогыг албадан гаргуулах боломжгүй бол төлбөр төлөгчийг хөрөнгөтэй болох хүртэл." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хууль (цаашид “ҮнХ” гэх)-ийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн, мөн ШШГтХ-ийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 73.5-д зааснаас бусад тохиолдолд дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхдээ түүний үнийг 50 хувиар бууруулж тооцон олгоно. ..." гэж заасан нь ҮнХ-ийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргажээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх эрх бүхий этгээд нь ахлах шийдвэр гүйцэтгэгч, шүүгч гэсэн 2 субъект байдаг боловч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэхдээ процессын ялгаатай журам хэрэгжүүлдэг онцлогтой. Тодруулбал, шүүгч нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрх нь зөрчигдсөн байж болзошгүй этгээдийн ашиг сонирхлын үүднээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлдэг. ШШГтХ-ийн 27 дугаар зүйлийн 27.1.5 дахь заалтад төлбөр төлөгч нь хөрөнгө орлогогүй эсвэл албадан гаргуулах боломжгүй байдал нь угтаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад тогтоогддог, шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаатай холбоотой. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль (цаашид “ИХШХШтХ” гэх)-ийн 12 дугаар зүйлд заасан иргэний хэрэг үүсгэх үндэслэлд хамаарахгүй учир уг ажиллагааны талаар төлбөр авагч, гуравдагч этгээдийн шүүхэд мэдүүлэх эрхийг хязгаарлахад хүргэсэн нь иргэний үндсэн эрхийг шууд зөрчсөн. Түүнчлэн ИХШХШтХ-д заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэсэгчлэн эсвэл бүхэлд нь түдгэлзүүлэх боломжгүй болж, ШШГтХ-ийн 27.1.5 дахь заалттай зөрчилдөж, шүүгч гагцхүү хуульд захирагдана гэсэн Үндсэн хуулийн зохицуулалт хэрэгжихгүй нөхцөл үүснэ.

ШШГтХ-ийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсгийн зохицуулалт нь дуудлага худалдаагаар борлогдоогүй хөрөнгийг төлбөрт тооцож шилжүүлэхдээ эд хөрөнгөө шинжээчээр үнэлүүлсэн, эсхүл талууд харилцан тохирсон, шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг тогтоосон эсэхээс хамаарч үнийг  ялгаатай байдлаар тогтоосон нь төлбөр төлөгчид эрх зүйн ижил боломж олгоогүй, хуулийн өмнө эрх тэгш байх үндсэн эрх зөрчигдсөн байна гэжээ.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.