“МЭРГЭЖЛИЙН НЭГДСЭН ХОЛБООГ БҮРТГЭХ ЧИГ ҮҮРГИЙГ МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХЭД ХАРЬЯАЛУУЛСАН” ЗОХИЦУУЛАЛТУУД НЬ ҮНДСЭН ХУУЛЬ ДАХЬ ТӨРИЙН ЭРХ МЭДЭЛ ХУВААРИЛАХ ЗАРЧИМ, ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙН ЧИГ ҮҮРЭГ БОЛОН ШҮҮХЭД ГОМДОЛ ГАРГАХ ЭРХТЭЙ ХОЛБООТОЙ ЗОХИЦУУЛАЛТУУДЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ
2026-06-24 Админ Хандсан тоо: 117 Хуваалцах

МАРГААНЫ ТУХАЙ ТОВЧ      

Монгол Улсын дээд шүүхээс гаргасан хүсэлт: Мэргэжлийн нэгдсэн холбоо гэх төрийн бус байгууллагыг Улсын дээд шүүх бүртгэхээр заасан нь Улсын дээд шүүхийн үндсэн чиг үүргийн агуулгад харшлахуйц, нөгөө талаар гүйцэтгэх эрх мэдлийн чиг үүргийн асуудлыг шүүх эрх мэдлийн байгууллагад хариуцуулснаараа Үндсэн хуулийн эрх мэдэл хуваарилах зарчимтай зөрчилдөнө. Түүнчлэн улс төрийн намыг бүртгэхтэй холбоотой Улсын дээд шүүхийн чиг үүрэг болон мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэхтэй холбоотой харилцаанд Улсын дээд шүүх оролцох нь агуулгын хувьд ялгаатай. Мөн мэргэжлийн нэгдсэн холбоог Улсын дээд шүүх бүртгэх талаар шийдвэр гаргаснаар уг шийдвэрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн гэж үзсэн этгээдийн шүүхэд гомдол гаргах эрх хязгаарлагдах, уг шийдвэрийг шүүхийн журмаар дахин хянан үзэх боломжгүй болох тул Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтыг зөрчсөн байна.

Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгчийн тайлбар: Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар эрх зүйн маргаан хянан шийдвэрлэхээс бусад захиргааны чиг үүрэг бүхий шийдвэр, үйл ажиллагаатай нь холбогдуулан Улсын дээд шүүхийг захиргааны байгууллага гэж үзэхээр хуульчилсан. Иймд Улсын дээд шүүхэд улс төрийн намын бүртгэл, мэргэжлийн нэгдсэн холбооны бүртгэлийн үйл ажиллагааг харьяалуулсан байна. Гэвч Улсын дээд шүүхэд мэргэжлийн нэгдсэн холбооны бүртгэлийг хариуцуулах нь төрийн эрх мэдлийн хуваарилалт болон чиг үүргийн хувьд тохиромжтой бус байгааг анхаарах нь зүйтэй. Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх чиг үүргийг Монгол Улсын дээд шүүхэд харьяалуулсан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг тус тус зөрчөөгүй.

Монгол Улсын дээд шүүхийн итгэмжилсэн төлөөлөгчийн нэмэлт тайлбар: Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйл нь шүүх эрх мэдэлд зайлшгүй дагалдах захиргааны чиг үүргийг орхигдуулахгүй байх зорилгыг агуулсан болохоос бус шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч шүүх, түүний шийдвэрийг захиргааны байгууллага болоод захиргааны актад тооцох зохицуулалт биш. Улсын дээд шүүхээс гаргасан бүртгэлийн шийдвэр нь захиргааны акт биш шүүхийн акт (англ.judicial act) болж хувирч байгаа тул уг шийдвэрт холбогдуулж шүүхэд гомдол гаргах боломжгүй болно.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.