ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
“Шүүх эрх мэдлийн байгууллагын хамтын ажиллагаа ба ил тод байдал” төслийн үр дүнг хэлэлцлээ
2026-06-23 Админ Хандсан тоо: 91 Хуваалцах
Европын Холбооны санхүүжилтээр Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO), Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран хэрэгжүүлсэн “Шүүх эрх мэдлийн байгууллагын хамтын ажиллагаа ба ил тод байдал” (2024–2026) төслийн хаалтын арга хэмжээ 2026 оны 6 дугаар сарын 23-ны өдөр боллоо.
Хоёр жилийн хугацаанд хэрэгжсэн энэхүү төсөл нь иргэний нийгмийн болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын оролцоог өргөжүүлэх замаар шүүх эрх мэдлийн байгууллагын ил тод байдал, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх, улмаар иргэдийн шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх зорилготой байв.

Төслийг хэрэгжүүлэх хүрээнд Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи, Шүүхийн сахилгын хороо, Хэвлэлийн хүрээлэн, Глоб Интернэшнл төв болон Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO) зэрэг байгууллагууд нягт хамтран ажиллаж, шүүхийн байгууллага, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлсэн юм.
Хаалтын арга хэмжээг нээж Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёните, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Суурин төлөөлөгч Чарльз Болланд нар мэндчилгээ дэвшүүлж, төслийн үр дүн, ач холбогдлын талаар байр сууриа илэрхийллээ.

Үүний дараа Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Хөтөлбөрийн удирдагч Н.Одонтуяа төслийн хэрэгжилт, хүрсэн үр дүнгийн талаар танилцуулга хийв. Мөн “Оюуны инноваци” ТББ-ын Гүйцэтгэх захирал Б.Төрболд төслийн эхлэл болон төгсгөлийн үеийн судалгааны үр дүнг харьцуулан танилцуулж, шүүх эрх мэдлийн байгууллагын хамтын ажиллагаа, ил тод байдлын чиглэлээр гарсан өөрчлөлт, ахицыг онцоллоо.

Арга хэмжээний хүрээнд шүүхийн байгууллага болон иргэний нийгмийн байгууллагуудтай хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, хүрсэн үр дүнг хэлэлцсэн хоёр хэсэгт панел хэлэлцүүлэг зохион байгуулагдав.
Энэ үеэр Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн Мэдээллийн төвийн дарга С.Насанжаргал төслийн хүрээнд шүүхийн байгууллагын хэвлэл мэдээлэлтэй харилцах чадавхыг бэхжүүлэх, шүүхийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг иргэдэд илүү ойлгомжтой, хүртээмжтэй хүргэх чиглэлээр идэвхтэй ажиллаж, тус Академийн зүгээс Шүүгч хэвлэл мэдээлэлтэй харилцах чиглэлээр Ерөнхий шүүгч нарын дунд судалгаа явуулж эрэлт хэрэгцээг судлан, сургалтын хөтөлбөр боловсруулан батлуулж, “Шүүх хэвлэл мэдээлэлтэй харилцах нь” сургалтыг 2 ээлжээр Ерөнхий шүүгч болон шүүхийн ажилтнуудыг хамруулан 100 оролцогчтойгоор амжилттай зохион байгуулсан. Мөн тус Академийн Судалгааны төвийн дарга Б.Дөлгөөн Шүүгч-хэвлэлийн төлөөлөгч загварыг судалсан судалгааг танилцуулж хэлэлцүүлсэн нь үр дүнтэй болсоныг онцоллоо.

Арга хэмжээний төгсгөлд Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Суурин төлөөлөгч Чарльз Болланд “Тус төсөл нь Монгол Улсын шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх зорилгодоо хүрч чадсанд бид баяртай байна. Энэхүү үр дүнд шүүхийн байгууллага, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагуудын хоорондын хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг бэхжүүлсэн нь чухал хувь нэмэр оруулсан” хэмээн онцлон тэмдэглэв.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ