ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
Олон улсын арилжааны арбитрын талаарх шүүгчдийн хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-06-19 Админ Хандсан тоо: 179 Хуваалцах
Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи, АНУ-ын Арилжааны эрх зүйн хөгжлийн хөтөлбөр (CLDP), Азийн хөгжлийн банк, Монголын Олон Улсын Арбитрын байгууллагатай хамтран “Олон улсын арилжааны арбитрын талаарх шүүгчдийн хэлэлцүүлэг”-ийг 2026 оны 06 дугаар сарын 19-ний өдөр зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээг Шүүхийн академийн захирал Д.Эрдэнэчимэг, АНУ-ын Арилжааны эрх зүйн хөгжлийн хөтөлбөр (CLDP)-ийн Олон улсын хууль зүйн зөвлөх Гришма Прадхан, Азийн хөгжлийн банк (ADB)-ны хуулийн зөвлөх Мариа Сесилия Сикангко, МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитрын дарга С.Энхцэцэг нар нээж үг хэллээ.

Хэлэлцүүлгийн эхний хэсэгт "Шүүх ба арбитр" агуулгын хүрээнд мэргэжилтнүүд илтгэл хэлэлцүүлэв. Үүнд:
- Томоко Ишикава (Япон улсын Нагояагийн их сургуулийн профессор): “Олон улсын арилжааны арбитрын ажиллагаанд анхаарах гол асуудлууд”
- Элизабет Стонг (АНУ-ын Нью-Йорк мужийн Зүүн тойргийн шүүхийн шүүгч): “Арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх ажиллагаа: АНУ-ын туршлага”
- Ким Ён Сөг (БНСУ-ын Чанвон дүүргийн шүүхийн шүүгч): “Арбитрт ээлтэй шүүхийн тогтолцооны талаарх БНСУ-ын хандлага ба шүүхийн хязгаарлагдмал оролцоо”
- Баяр Шарав (CMS Zurich хуулийн фирмийн хуулийн зөвлөх): “Бизнесийн маргааныг арбитрын журмаар шийдвэрлэхэд шүүхийн гүйцэтгэх үүрэг”
Хоёрдугаар хэсэгт "Монгол Улс дахь арбитрын үйл ажиллагаа" сэдвийн дор дотоодын шүүхийн, практикийн өнөөгийн байдлыг хөндөн ярилцлаа. Үүнд:
- М.Сувд (ОТИС-ийн ХЗС-ийн дэд профессор, доктор): “Арбитрын үндсэн шийдвэрийг хүчингүй болгох эрх зүйн зохицуулалтыг хэрэгжүүлж буй өнөөгийн практик”
- С.Энхцэцэг (МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитрын дарга): “Арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрч, биелүүлэх эрх зүйн зохицуулалт ба өнөөгийн практик”
- Д.Нямбазар (Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч): “Давж заалдах шатны шүүхээр хянагдсан арбитрын хэрэг, хүчингүй болсон үндэслэлүүд /2024-2026/”
- С.Энхбаяр (Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч): “Арбитрын хэрэг хянан шийдвэрлэхэд давж заалдах шатны шүүхийн оролцоо”.
Хэлэлцүүлгийн оролцогч талууд Монгол Улсын арбитрын тогтолцоо, түүнийг дэмжихэд чиглэсэн шүүхийн оролцоо, олон улсын хэм хэмжээг дотоодын хууль эрх зүйн орчинд нутагшуулах, арбитрын шийдвэрийг биелүүлэхэд шүүхээс үзүүлж буй дэмжлэг, тулгарч буй сорилтуудыг хөндөн ярилцаад цаашид энэ төрлийн арга хэмжээ, сургалт, хэлэлцүүлгийг уламжлал болгон зохион байгуулах нь зүйтэй хэмээн санал нэгдэж байлаа.
Уг арга хэмжээнд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчид, Монголын Олон Улсын Арбитрын арбитрчид, гадаадын зочин илтгэгчид, Шүүхийн академийн судлаачид оролцлоо.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ