Хууль бус хөрөнгийг хураах тогтолцооны талаар ХБНГУ-ын Бавари мужийн Ерөнхий прокурортой туршлага солилцов
2026-06-18 Админ Хандсан тоо: 101 Хуваалцах

Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Н.Батзориг, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн захирал Д.Эрдэнэчимэг нар ХБНГУ-ын Бавари мужийн Мөнгө угаахтай тэмцэх, гэмт хэргийн хөрөнгө хураах төв байгууллагын (ZGV) дарга, Ерөнхий прокурор Хильдегард Боймлер-Хёслийг 2026 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар ХЗДХЯ-наас Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд буй “Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай” хуулийн төсөлтэй холбогдуулан ХБНГУ-ын эрх зүйн орчин, практик туршлагаас судалсан юм.

Хатагтай Хильдегард Боймлер-Хёсл энэ төрлийн гэмт хэргийг Эрүүгийн хуулиар хэлэлцэн шийдвэрлэсний дараа хохирогч хохирлоо нэхэмжлэхийн тулд иргэний шүүхэд дахин ханддаг байсан урт, хүнд сурталтай процессыг халсныг онцоллоо. ХБНГУ-ын хувьд эрүү, иргэний процессыг  хосолсон тогтолцоог нэвтрүүлснээр эрүүгийн шүүх ял оноохдоо гэмт хэргийн замаар олсон хууль бус хөрөнгийг хураах, хохирлыг гаргуулах шийдвэрийг нэг дор, шуурхай гаргадаг болсон гэдгийг хэлж байлаа.

Уулзалтад Шүүхийн академийн Мэдээллийн төвийн дарга С.Насанжаргал, Хансс-Зайделийн сангийн Эрх зүйн хөтөлбөрийн зохицуулагч С.Амармэнд  нар оролцов.

 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ