Япон Улсын гэр бүлийн болон насанд хүрээгүй хүний хэргийн шүүхийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлав
2026-06-17 Админ Хандсан тоо: 229 Хуваалцах

Улсын дээд шүүх, Шүүхийн академи, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төлөөлөгчид 2026 оны 6 дугаар сарын 8-12-ны өдрүүдэд Япон Улсад ажиллаж, гэр бүлийн болон насанд хүрээгүй хүний хэргийн шүүхийн үйл ажиллагаатай танилцах, туршлага судлах сургалтад хамрагдлаа.

Айлчлалын хүрээнд Япон Улсын Хууль зүйн яамны Сургалт, судалгааны хүрээлэн, Токио хотын Гэр бүлийн шүүх, Япон Улсын Дээд шүүхийн дэргэдэх Хууль зүйн сургалт, судалгааны хүрээлэн, Шүүхийн сургалт, судалгааны хүрээлэнгээр зочилж, гэр бүлийн болон насанд хүрээгүй хүний хэргийн дагнасан шүүхийн тогтолцоо, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүхийн зохион байгуулалт, салбар дундын хамтын ажиллагаатай танилцав.

Мөн гэр бүлийн болон насанд хүрээгүй хүний хэргийн шүүгч, гэр бүлийн шинжээч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, эвлэрүүлэн зуучлагч, эрдэмтэн судлаач зэрэг мэргэжилтнүүдтэй уулзаж, хүүхдэд ээлтэй шүүхийн тогтолцоог бэхжүүлэх, насанд хүрээгүй хүний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нөхөн сэргээх шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэх, хүүхэд хамгааллын байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, гэр бүлд чиглэсэн шүүхийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо.

Энэхүү сургалтыг Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO)-аас Канад Улсын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь (2025-2030)” төслийн хүрээнд Япон Улсын Хууль зүйн яамны Сургалт, судалгааны хүрээлэнгийн Олон улсын хамтын ажиллагааны газартай хамтран зохион байгуулсан юм.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ