ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
Хуульд тусгайлан заасан татварын хөөн хэлэлцэх хугацаа тоолох журам өөр байна
2026-06-09 Админ Хандсан тоо: 14 Хуваалцах
Шүүхийн нэр: Монгол Улсын дээд шүүх Захиргааны хэргийн танхим
Шүүхийн шийдвэрийн дугаар: 2026.03.02 001/XT 2026/ 0025
Тоймын дугаар, огноо: №86 /ЗХТ 32/ 2026.06.08
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: Энэхүү хураангуй тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй ба хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтооход дэмжлэг үзүүлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг сурталчлах, олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Татварын улсын байцаагч нараас “М” ХХК-ийн 2019-2022 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр татварын нөхөн ногдуулалтын акт үйлджээ.
“М” ХХК уг актын 3 дахь хэсгийг эс зөвшөөрч “... Манай компанийн 2 хувьцаа эзэмшигч хоорондоо бэлэглэлийн гэрээгээр хувьцаагаа шилжүүлсэн тул ямар ч орлого олоогүй. Татвар ногдуулах орлого байхгүй байхад манай компанийг татвар суутган төлөх үүрэгтэй гэж үзэж акт тавьсан нь хууль бус. Мөн татварын хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хүчингүй болгож өгнө үү ...” гэж маргасан.
Хариуцагч нараас “... “М” ХХК нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэг бөгөөд тус компанийн эцсийн эзэмшигч А нь өөрийн эзэмшлийн хувьцааны 50 хувийг 25 хувийн хувьцаа эзэмшигч Б-д бэлэглэлийн гэрээгээр шилжүүлснээр Б нь 75 хувийн хувьцаа эзэмшигч болж, тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн эцсийн эзэмшигч нь өөрчлөгдсөн. Үүнийг 2006 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.2-т зааснаар эрх борлуулсны орлого гэж үзэх бөгөөд тухайн орлогоос “М” ХХК нь албан татвар суутган төлөх үүрэгтэй. Шилжүүлсэн хувьцааг хууль, журамд заасны дагуу үнэлж, орлогыг тодорхойлдог. Татварын хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй тул нөхөн ногдуулалтын акт хууль ёсны юм” гэжээ.
Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн холбогдох шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ “татварын хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна, харин хуулийн этгээдийн эцсийн эзэмшигч өөрийн хувьцаагаа бусдад шилжүүлснээр тухайн компанийн эцсийн өмчлөгч солигдож байвал үүнээс олсон орлогод албан татвар ногдуулахаар хуульчилсан, гэтэл нэхэмжлэгч “М” ХХК-ийн хувьд хувьцаа эзэмшигч нарын хооронд хувь хэмжээгээ шилжүүлсэн байх тул эрх борлуулсны орлогоос шууд бус орлого олсон гэж үзэх боломжгүй” гэж дүгнэсэн байна.
Хяналтын шатны шүүхээс хоёр шатны шүүхийн шийдвэрийн шийдлийг хэвээр үлдээсэн боловч дүгнэлтийг өөрчилж, дараах байдлаар хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтоов.
Тодруулбал, маргааны үйл баримтад хэрэглэгдэх 2006 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд хууль тогтоогчоос 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулж татварын шинэ төрлийг бий болгосон байна. Тухайлбал, дээрх хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.2-т “хуулийн этгээд, түүний эцсийн эзэмшигч хувьцаа, хувь оролцоогоо бусдад шилжүүлэх замаар газар эзэмших, ашиглах эрх, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эцсийн эзэмшигчийг өөрчлөх замаар олсон орлого”-ыг аж ахуйн нэгжийн эрх борлуулсны орлогод хамааруулсан. Мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7-д татвар төлөх хугацааг “… тухайн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч, эсхүл газар эзэмших, ашиглах эрхтэй этгээд хэлцэл хийгдсэнээс хойш ажлын 7 хоногийн дотор ногдуулан суутган авч, төсөвт шилжүүлнэ” гэж тусгайлан заажээ.
Харин тухайн татварыг тайлагнах хугацааг хуульд тодорхой заагаагүй байна. Энэ тохиолдолд Татварын ерөнхий хуулийн “татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байх” зарчим үйлчилнэ.
Татварын ерөнхий хуульд зааснаар татварын хөөн хэлэлцэх хугацаа 4 жил бөгөөд уг хугацаагааг мөн хуульд заасан журмын дагуу “борлуулалт хийгдсэнээс хойш татварын тайланг гарган, татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс” эхэлж тоолно. Ийнхүү тоолж үзэхэд маргаан бүхий актын 3 дахь хэсгийн хувьд татвар нөхөн ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Гэтэл хариуцагч нар хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан хойно нөхөн ногдуулалтын акт үйлдсэн нь хууль бус, энэ үндэслэлээр маргаан бүхий актын 3 дахь хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос:Монгол Улсын Шүүхийн шийдвэрийн цахим сан
Тоймыг бэлтгэсэн: Улсын дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч