ПРОКУРОРООС ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДЭЖ ИРҮҮЛСЭН ХЭРГИЙГ ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖГҮЙ ҮНДЭСЛЭЛЭЭР ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОЖ ШИЙДВЭРЛЭВ
2026-08-31 Админ Хандсан тоо: 8 Хуваалцах

Шүүхийн нэр: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх

Шийдвэрийн дугаар: 2026/ШЦТ/227 дугаар, Шийтгэх тогтоол

Тоймын дугаар, огноо: Шийдвэрийн тойм № 4, 2026.08.31

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно”

Прокуророос шүүгдэгч Г-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Г нь Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа буюу 2025 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 2025 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн хугацаанд олон нийтийн цахим сүлжээн дэх фейсбүүк орчинд өөрийн улс төр, шашин, үзэл суртлын зорилгодоо хүрэхийн тулд хүнийг алах, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахаар "...10 дугаар сарын 01-ний өдөр Монголчуудаа босож очоод муу гөлөгнүүдийг амьдаар нь шатаая, муу гөлөгнүүдийг бензин цацаж байгаад, муу лалрууд одоо нөгөө бензинийг нь өгөөхөө больчихно.......10 дугаар сарын 01-ний өдөр гараад ир муу гөлөгнүүдийг бууз шиг чимхэж байгаад жигнэж идье... ... 10 сарын 01-нд бүгдээрээ талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирж байгаад шууд алахыг нь ална. Одоо бол Хүрэлсүхээ гөлөг минь 10 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө юм хийхгүй бол би цааш нь харуулна шүү гэж зүй зохисгүй үг хэллэгээр харааж, чамайг хөлөөс чинь дүүжлээд Сүхбаатарын гараа өргөчихсөн байгаа дээрээс дүүжлээд доошоо харуулаад хамаг цусыг чинь тархи руу нь юүлээд амьдаар чинь хатааж ална шүү...... Энэ хүмүүс 10 сарын 01-ний өдөр нээрээ энэ залууг хүлээгээд үзвэл юу болох бол гээд айна гөлөгнүүд минь. 10 сарын 01-нд цааш нь харуулна шүү муу лалрууд минь...... Тэгээд энэ гөлөгнүүддээ 10 сарын 01-нд бүгдээрээ хариуцлага тооцъё..." гэх дүрс бичлэгийг удаа дараа шууд дамжуулсан (Live хийсэн) нь террорист үйл ажиллагаа явуулахыг уриалсан, бусад этгээдийг хатгасан,

Мөн Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ын ІІ жагсаалтад багтсан, "өвс" гэх хэрэглээний нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг 2025 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хууль бусаар олж авсан, улмаар 2025 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн Баянцагааны 16А гудамжинд "Тоёота Приус" маркийн ..... улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор худалдаалах зорилгогүйгээр хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг үндэслэн шүүгдэгч Г-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “террорист үйл ажиллагаа явуулахыг уриалсан, бусад этгээдийг хатгасан” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон.

Учир нь: Г-ийн 2025 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 2025 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд өөрийн цахим сүлжээнд Live хийсэн үйлдлийг “өөрийн улс төр, шашин, үзэл суртлын зорилгодоо хүрэхийн тулд хүнийг алах, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахаар... гэж үзэн Террорист үйл ажиллагаа явуулахыг уриалсан, бусад этгээдийг хатгасан...” гэж яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 16-д “...итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй….” гэж хүний үндсэн эрх, эрх чөлөөг батлан хуульчилжээ.

Мөн Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улс олон Улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ” гэж заасан.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 19 дүгээр зүйлд “Хүн бүр өөрийн үзэл бодолтой байх, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх эрхтэй, энэхүү эрхэд үзэл бодлоо ямар ч хорио саадгүй баримтлах эрх чөлөө, үзэл санаа, мэдээллийг улсын хилийн заагаар үл хязгаарлан аливаа арга замаар хайх, хүлээж авах, түгээх эрх чөлөө багтана.” гэж,

Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүн бүр үзэл бодлоо ямар ч хорио саадгүй баримтлах эрхтэй.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хүн бүр санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй, энэ эрхэд төрөл бүрийн мэдээлэл болон үзэл санааг улсын хил хязгаарыг үл харгалзан амаар бичгээр, эсхүл хэвлэлийн буюу уран сайхны аргаар, эсхүл өөрийн сонгосон бусад аргаар хайх, хүлээн авах, түгээх эрх чөлөө багтана.” гэж тус тус заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйл “Гэм буруугийн зарчим” 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 4 дэх хэсэгт “Хүний үзэл бодол, итгэл үнэмшлийн төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй...” гэж хууль болон олон улсын гэрээнд тус тус заасан байна.

Шүүгдэгч Г нь өөрийн үзэл бодлоо илэрхийлэх зорилгоор 2025 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 2025 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн хугацаанд олон нийтийн цахим сүлжээн дэх фейсбүүк орчинд бичлэг хийсэн ба дээрх бичлэгт хэлэгдсэн үгээр шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.2 дугаар зүйлд зааснаар ялласан байна.

Хүний итгэл үнэмшил, үзэл бодлыг хуулиар эсхүл бусад хэм хэмжээгээр зохицуулахгүй бөгөөд хүний толгойд төрөх бодлыг удирдах, хянахыг ямар ч этгээдэд хориглоно. Итгэл үнэмшил, үзэл бодолтой байх эрх чөлөө нь хувь хүний дотоод мөн чанарыг хамгаалдаг туйлын эрх тул түүнийг ямар ч тохиолдолд хязгаарлаж болохгүй.

Хүнийг өөрийн үзэл бодлоо цахим хэрэгслээр дамжуулан бусдад илэрхийлсний төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг Эрүүгийн хуулиар хориглосон ба шүүгдэгч Г-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй байна.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан баримтуудад үнэлэлт дүгнэлт өгч шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх ёстой ба хавтаст хэрэгт авагдсан болон прокурорын яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдэл нотлогдон тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Террорист үйл ажиллагаа гэдэг нь хүмүүсийг айдаст автуулах, төр засаг эсвэл нийгмийг хүчээр шахах зорилгоор санаатайгаар хүчирхийлэл, халдлага, заналхийлэл хийх үйлдлийг ойлгоно.

Террорист үйл ажиллагаа нь жишээлбэл олон нийтийн газар халдлага хийх, бөмбөг дэлбэлэх, хүн барьцаалах, аллага, буудлага зохион байгуулах, террорист бүлгийг санхүүжүүлэх хэлбэрээр илэрч болно.

Мөн Террорист үйл ажиллагаа явуулахыг уриалсан гэж улс төр, шашин, үзэл суртал, эдгээртэй адилтгах бусад зорилгодоо хүрэхийн тулд төр, олон улсын байгууллагаас хууль бус үйлдэл, эс үйлдэхүй хийхийг шаардаж хүн амыг айдаст автуулах, хүнийг алах, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах, зэвсэгт мөргөлдөөний нөхцөлд сөргөлдөгч аль нэг талд идэвхтэй оролцоогүй хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулах талаар бусдыг чиглүүлсэн, ятгасан байхыг,

Бусад этгээдийг хатгасан гэж террорист үйл ажиллагаа явуулахад бусдыг өдөөн түлхсэн, зоригжуулсан байхыг тус тус ойлгоно.

Хэдийгээр шүүгдэгч нь цахим хэрэгсэл ашиглан өөрийн үзэл бодлоо илэрхийлэхдээ хараалын үг ашиглан, жагсаал цуглаан хийх ...бусдыг доромжилсон өнгө аяс гаргасан боловч өөрийн үзэл бодлоо илэрхийлснээс өөр байдлаар террорист үйл ажиллагааг уриалсан, бусдыг хатгасан бодитой, идэвхтэй үйлдэл хийгээгүй ба зөвхөн түүний хэлсэн, ярьсан үгэнд үндэслэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь шударга ёсны зарчим болон Монгол Улсын Үндсэн хууль, олон Улсын гэрээ, конвенцод харшлах, холбогдох зүйл заалтыг буруу тайлбарлах нөхцөл байдал бий болохоор байна.

Иймд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй, нотлогдохгүй байна.

Харин шүүгдэгчийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд прокуророос ирсэн шүүгдэгч Г-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г-д 01 жил хорих ял оногдуулж шийдвэрлэсэн.

Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос:

https://shuukh.mn/single_case/132083?daterange=2026-01-01%20-%202026-08-31&id=1&court_cat=2&bb=1

Тойм бэлтгэсэн: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр