ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ОРОН СУУЦАА ХӨЛСЛҮҮЛЭХ НЬ АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗОРИЛГООР БОЛ НӨАТ-ААС ЧӨЛӨӨЛӨГДӨХ ҮЙЛЧИЛГЭЭНД ХАМААРУУЛЖ ОЙЛГОХГҮЙ
2026-08-27 Админ Хандсан тоо: 6 Хуваалцах
Шүүхийн шийдвэрийн дугаар: 2025.10.14-ний өдрийн 128/ШШ2025/0708
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: Энэхүү хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Нэхэмжлэгч “С” ХХК-аас “...өөрийн өмчлөлийн орон сууцуудаа хөлслүүлэх үйлчилгээ эрхэлсэн учраас НӨАТ-аас чөлөөлөгдөхөөр тайлагнасан 14,928,691,449.43 /2020-2023 онд хамаарах/ төгрөгийн орлогуудыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13.5.8-д зааснаар чөлөөлөх ёстой гэж маргажээ.
Харин хариуцагч Нийслэлийн татварын газрын хяналт шалгалтын улсын байцаагч нар “тус компанийн үндсэн үйл ажиллагааны орлого нь үл хөдлөх хөрөнгө түрээслүүлсний орлого байх бөгөөд орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг түрээслүүлж орлого олох зорилгоор өмчилсөн байх тул нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн зохицуулалтад хамаарахгүй” гэх үндэслэлээр нөхөн татвар, торгууль, алданги тооцож нөхөн ногдуулалтын акт гаргасныг “С” ХХК эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Шүүхээс “С” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үндэслэл нь:
1.Өмнөх хуулийн зохицуулалтаар нэгдүгээрт орон сууцны зориулалтаар баригдсан байх, хоёрдугаарт уг байрыг түрээсэлсэн гэх нөхцөл шаардлага зэрэг хангагдсанаар нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгддөг байсан бол одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн зохицуулалтын дагуу “орон сууцыг түрээслүүлж байгаа” тохиолдолд болон “орон сууцны зориулалтын дагуу ашиглагдаагүй” тохиолдолд, түүнчлэн “тухайн орон сууцыг аж ахуйн үйл ажиллагааны хэлбэрээр ашиглаж” байвал нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөхгүйгээр албан татварыг төлнө гэж ойлгохоор байна.
2.Нэхэмжлэгч компани нь нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх үйлчилгээ эрхэлдэг гэж маргаж, харин борлуулалтыг аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд хийсэн гэдэгтэй маргаагүй.
3.Нэхэмжлэгч компанийн тухайд орон сууцны барилгыг түрээслүүлэх үндсэн үйл ажиллагааны чиглэлтэйгээр үүсгэн байгуулагдсан тул өөрийн өмчилдөг үл хөдлөх хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн орон сууцнуудыг бусдад хөлслүүлэх нь нэхэмжлэгч компанийн эрхэлдэг аж ахуйн үйл ажиллагаанд хамаарч байна.
4.Иймд өөрийн өмчлөлийн орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг хөлслүүлж аж ахуйн үйл ажиллагааны зорилгоор ашиглаж байгаа нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.8-д заасан “зориулалтын дагуу ашиглагдаж байгаа” гэх нөхцөл шаардлагыг хангахгүй байгаа учир НӨАТ-аас чөлөөлөгдөх үйлчилгээнд хамаарахгүй гэж шүүх дүгнэж шийдвэрлэсэн.
Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх цахим холбоос: https://shuukh.mn/single_case/19471?daterange=2025-10-01%20-%202025-11-25&id=1&court_cat=3&bb=1
ТОЙМ БЭЛТГЭСЭН: НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧ Г.УРАНГУА