ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
“Байгаль орчныг хамгаалж буй эрх зүйн орчин, түүний үр нөлөө” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал Сэлэнгэ аймагт боллоо
2026-06-08 Админ Хандсан тоо: 278 Хуваалцах
Монгол Улсын дээд шүүх, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи, Сэлэнгэ аймгийн шүүхтэй хамтран 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдөр “Байгаль орчныг хамгаалж буй эрх зүйн орчин, түүний үр нөлөө” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд зохион байгуулав.
Энэ удаагийн олон улсын хурал нь Монгол Улсад орчин цагийн шүүх байгуулагдсаны 100 жил, Сэлэнгэ аймгийн шүүхийн 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй бөгөөд хоёр орны байгаль орчны эрх зүйн орчин, тулгарч буй сорилт, цаашдын чиг хандлагыг хэлэлцэж, практик туршлагаа харилцан солилцоход чиглэгдлээ.
Хурлыг Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин нээж, БНСУ-ын шүүхийн Байгаль орчны эрх зүйн холбооны тэргүүн Ким Тэ Ху, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж нар мэндчилгээ дэвшүүллээ.



Эрдэм шинжилгээний хурлаар Шүүхийн академийн захирал Д.Эрдэнэчимэг “Монгол Улс дахь нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах асуудал: Хүрээлэн буй орчны жишээ дээр” сэдэвт илтгэл тавьсан бол, Күүкмин Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн профессор Ким Сон Бэ “Байгаль орчны бохирдлын улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хохирлыг арилгах, нөхөн сэргээх тухай хуулийн батлагдсан байдал, хөгжил болон маргаанд үзүүлж буй нөлөө” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. Үргэлжлүүлэн Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа байгаль орчинд холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тулгамдсан асуудлыг хөндсөн бол, БНСУ-ын шүүхийн Байгаль орчны эрх зүйн холбооны тэргүүн Ким Тэ Ху БНСУ-ын уур амьсгалын өөрчлөлтөд холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гол сорилтуудыг танилцууллаа.

Мөн Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Баярхүү хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн бүрэлдэхүүн, хэргийн зүйлчлэлийн онцлог, оногдуулах эрүүгийн хариуцлага, онол, практикт тулгарч буй хүндрэл сэдвээр, Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч, хошууч Б.Бат-Энх хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэгт ашигласан техник хэрэгслийг улсын орлогод оруулах, хөрөнгө хураах албадлагын арга хэмжээний тулгамдсан асуудлыг хэлэлцүүлсэн юм.




Илтгэлүүдийн дараа хоёр орны мэргэжилтнүүд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд модератороор Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Мөнх-Эрдэнэ, панелистаар Монгол Улсын Улсын дээд шүүхийн шүүгч Б.Цогт, С.Соёмбо-Эрдэнэ болон БНСУ-ын Канвон Үндэсний Их Сургуулийн профессор Пак Ши Вон, Чүнбүк Үндэсний Их Сургуулийн профессор И Гүг Хён нар оролцож, салбарын тулгамдсан асуудлыг олон талаас нь хэлэлцэв. Хурлын төгсгөлд Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг хурлын үйл ажиллагааг нэгтгэн дүгнэлээ.



Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр хурлыг хааж үг хэлэхдээ, тус хурал нь шүүхийн шинэ зууны босгон дээр, тэр дундаа Сэлэнгэ аймгийн шүүхийн 100 жилийн ойн түүхт цаг үед зохион байгуулагдаж, хоёр орны шүүх засаглал, эрх зүйн салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад бодит хувь нэмэр оруулсан арга хэмжээ болсныг онцлон тэмдэглэлээ.


МЭДЭЭЛЛИЙН ТӨВ