ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
“Эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгт холбогдох эрх зүйн зохицуулалт ба гол асуудал” хэлэлцүүлэг боллоо
2026-06-04 Админ Хандсан тоо: 98 Хуваалцах
Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи, БНСУ-ын Сөүл, Сувон хотын давж заалдах шатны шүүхийн шүүгчид, Шүүхийн Байгаль орчны эрх зүйн хороо, Эмнэлгийн эрх зүйн хороо, Байгаль орчны эрх зүйн нийгэмлэгийн гишүүд мэргэшсэн зөвлөх болон тус улсын Хууль зүйн сургуулийн профессоруудтай хамтран “Эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгт холбогдох эрх зүйн зохицуулалт ба гол асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг 2026 оны 06 дугаар сарын 04-ны өдөр зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг нээж Шүүхийн академийн захирал Д.Эрдэнэчимэг хэлсэн үгэндээ: Одоогоос нэг жилийн өмнө Шүүхийн академи, БНСУ-ын Шүүхийн сургалт, судалгааны хүрээлэнтэй хамтран ажиллах санамж бичгийг байгуулах үеэр Сөүлийн давж заалдах шатны шүүхийн шүүгч ноён Ви Гуан Ха-тай ярьж байсан яриа өргөжиж, Монгол Улсад тулгамдсан Эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгт холбогдох эрх зүйн зохицуулалтын асуудлаар мөн анх удаа хөдөө орон нутгийн шүүхтэй хамтран Байгаль орчны эрх зүйн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байгаадаа баяртай байна гэлээ.


Мөн БНСУ-ын Сөүлийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Эмнэлгийн эрх зүйн хорооны тэргүүн Сон Жи Юн, тус шүүхийн шүүгч Байгаль орчны эрх зүйн хорооны гишүүн Ви Гуан Ха нар хэлэлцүүлэгт оролцогсдод хандан мэндчилгээ дэвшүүлж, хоёр орны хууль эрх зүй, шүүхийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулахад бэлэн байна гэв.


Хэлэлцүүлэгт Улсын дээд шүүхийн шүүгч, Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн, доктор /Ph.D/ Ч.Хосбаяр “Эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийг хянан шийдвэрлэхэд тулгамдаж буй асуудал”, БНСУ-ын Сувон хотын давж заалдах шатны шүүхийн шүүх эмнэлгийн мэргэшсэн зөвлөх Юн Сунг Чол “БНСУ-ын Шүүхийн байнгын мэргэшсэн шинжээчийн тогтолцоо”, Соншин Эмэгтэйчүүдийн Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн профессор Ким На Гён “БНСУ-ын эмнэлгийн тусламж үзүүлэхтэй холбоотой үүссэн маргааныг шийдвэрлэх тогтолцооны өнөөгийн байдал ба тулгамдсан асуудал” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүллээ. Талууд энэхүү хамтарсан хэлэлцүүлгийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж, мэдлэг мэдээллээ солилцохоор ярилцлаа.











МЭДЭЭЛЛИЙН ТӨВ