Улсын өмгөөлөгч үйлчлүүлэгчээсээ мөнгө авах нь ажлаас халах үндэслэл болох уу
2026-04-03 Админ Хандсан тоо: 13 Хуваалцах

Шүүхийн нэр: Монгол Улсын дээд шүүх  Иргэний хэргийн танхим

Шүүхийн шийдвэрийн дугаар: 2025.12.11 №001/ХТ2025/00226

Тоймын дугаар, огноо№78 /ИХТ27/ 2026.04.03

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

СанамжЭнэхүү хураангуй тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй ба хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтооход дэмжлэг үзүүлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг сурталчлах, олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Нэхэмжлэгч Д.З нь “...ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, сүүлийн хагас жилийн үр дүнгийн урамшуулал гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч “Хууль зүйн туслалцааны төв” ТБАГУТҮГ нь “...төрөөс хууль зүйн туслалцаа үнэ төлбөргүй үзүүлэхийн тулд улсын өмгөөлөгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж, төлбөрийн чадваргүй болон эмзэг бүлгийн иргэдэд өмгөөллийн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд улсын өмгөөлөгч үйлчлүүлэгчээс үйлчилгээний хөлс авсан гэх гомдол гарсны улмаас нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хууль зүйн туслалцааны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд  нийцсэн...” гэж татгалзсан.

Анхан шатны шүүх “...нэхэмжлэгч Д.З нь улсын өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа өөрийн үйлчлүүлэгчээс 500,000 төгрөгийг шилжүүлж авсан нь тогтоогдсон, энэ нь Хууль зүйн туслалцааны төвтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 7.2.8-д заасан ноцтой зөрчилд хамаарч байх тул түүнийг 2024.12.31-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүх: “…мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолоор нэхэмжлэгч үйлчлүүлэгчийн мөнгөн хөрөнгийг хадгалах, буцаан өгөх талаарх журам зөрчсөн тул түүнд сануулах арга хэмжээ авсан. Нэхэмжлэгч нь үйлчилгээ үзүүлсний төлөө бусдаас өмгөөллийн хөлс, бусад хэлбэрээр төлбөр авсан нь тогтоогдоогүй байхад ажил олгогч ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй. Харин нэхэмжлэгчид сануулах арга хэмжээ авагдсан тул үр дүнгийн урамшуулал олгох үндэслэлгүй гэж дүгнэн Д.З-г урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 25,246,395 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, уг дүнгээс тооцож нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлээс үлдэх 3,995,100 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Улсын дээд шүүх давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Хууль зүйн туслалцааны тухай хуулийн нарийвчилсан зохицуулалтын зорилго, агуулга, зохигчийн хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 7.2.8 дахь заалт зэргээс үзэхэд улсын өмгөөлөгч Д.З нь үйлчлүүлэгчээс ямар нэгэн хөлс авах, шаардах эрхгүй байх бөгөөд хэрэгт авагдсан банкны дансны хуулга, МӨХ-ны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024.10.22-ны өдрийн МТ/2024/35 дугаар тогтоол зэрэг баримтаар үйлчлүүлэгч Б.О-гийн ээжээс өөрийн хувийн харилцах дансанд 500,000 төгрөг авсан нь тогтоогдсон ба нэхэмжлэгчийн ...үйлчлүүлэгчийн хохирлын мөнгө гэж өгснийг хадгалсан ч зохих журмаар буцаагаагүй гэх тайлбарыг хуульд нийцсэн гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, дээрх хуульд улсын өмгөөлөгч үйлчлүүлэгчээс хохирлын мөнгийг урьдчилан авч, хадгалах эрх зүйн зохицуулалт байхгүй буюу нэхэмжлэгч нь төрийн албан хаагчийн эрх зүйн статустай субъектийн хувьд хуулиар зөвшөөрөөгүй үйлдэл хийх нь ноцтой зөрчилд тооцогдоно. Улмаар уг мөнгийг Хууль зүйн туслалцааны төвийн дансанд бус өөрийн хувийн харилцах дансанд авсныг буруутай гэж дүгнэх тул нэхэмжлэгч Д.З-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангажээ.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/?id=3&court_cat=1

                                                                                                                           

Тойм бэлтгэсэн: Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон