ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан бусдад давуу байдал бий болгосон этгээдэд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулав.
2026-04-03 Админ Хандсан тоо: 14 Хуваалцах
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх
Шийдвэрийн огноо: 2026.03.24
Шийдвэрийн дугаар: 2026/ШЦТ/142
Шийдвэрийн тойм №
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”
Иргэн Л.Н нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын засаг даргын тамгын газрын даргаар 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байх хугацаандаа тус газарт 2011 оны 09 дүгээр сарын 15-нд шилжиж үндсэн хөрөнгийн дансанд бүртгэгдсэн 89-35 ХЭА улсын дугаартай УАЗ фермер загварын тээврийн хэрэгслийг орон нутгийн өмч хамгаалах байнгын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, дүгнэлт гаргуулалгүйгээр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 04 дугаартай тогтоолоор батлагдсан "Орон нутгийн өмчид эд хөрөнгө олж авах, бүртгэх, данснаас хасах, шилжүүлэх журам"-ыг зөрчиж, тус тээврийн хэрэгслийг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Б-д шилжүүлэн өгч, түүнд давуу байдал бий болгосон үйлдэлд нь тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлсэн байна.
Шүүхээс Л.Н-ийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн.
“Нийтийн албан тушаалтан” гэж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.4-т заасан албан тушаалтан, байнга болон түр хугацаагаар байгуулагдсан хамтын шийдвэр гаргах чиг үүрэг бүхий хороо, комиссын гишүүн эдгээртэй адилтгах ажил, үйлчилгээ эрхэлж байгаа этгээдийг,
“Албан тушаалын байдал” гэдэгт албаны эрх нөлөөг,
“урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг,
“Давуу байдал” гэж албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг тус тус ойлгоно гэж хуульчлан тайлбарласан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгон бол нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилээс 5 жил хүртэл хүртэл хугацаагаар хасаж, 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар хорих ял”-аар шийтгэхээр заасан ба энэ гэмт хэрэг нь хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй хийсэн үеэс төгс үйлдэгдсэн тооцогддог.
Тоймыг бэлтгэсэн: Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Мөнхсайхан