ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
ТЭЭВРИЙН АЧААНЫ МАШИНААС ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НЭВТЭРСНИЙ ХУРААМЖ АВСАН НЬ ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН АГУУЛГА, ЗОРИЛГО, ХҮРЭЭНД НИЙЦЭЭГҮЙ
2026-03-25 Админ Хандсан тоо: 45 Хуваалцах
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд (хуучин нэрээр) 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/71 дүгээр тушаалын хавсралтаар Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээг 3.5 тн-оос дээш бодит жинтэй ачааны машин нэвтрэхэд 50,000 төгрөг байхаар тогтоосон. Тухайн хураамжийг хүчингүй болгуулахаар холбогдох хуулийн этгээдүүдээс шүүхэд хандсан ба 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Улсын дээд шүүхээс 001/ХТ2024/0083 дугаар тогтоолоор уг хураамж ямар зорилгоор батлагдсан, хэнд үйлчлэх нь тодорхойгүй байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т заасан шаардлагыг хангаагүй гэж дүгнэн, маргаан бүхий тушаалын холбогдох заалтыг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн байдаг.
Гэсэн хэдий ч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд (өөрчлөгдсөн нэрээр)-аас 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/844 дүгээр тушаалын хавсралтаар хураамжийн хэмжээг шинэчлэн батлахдаа урьдын адил 50,000 төгрөг байхаар тогтоосон байна. Иймд нэхэмжлэгчдийн зүгээс хариуцагч нь “... Улсын дээд шүүхийн 2024 оны 001/ХТ2024/0083 дугаар тогтоолд заасан нөхцөл байдлыг арилгалгүйгээр хураамжийг дахин хэвээр баталсан, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т заасныг хангаагүй ...” гэж маргажээ.