БНСУ-ын Оюуны өмчийн шүүхийн харьяа Олон улсын оюуны өмчийн эрх зүйн судалгааны төвтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
2026-02-27 Админ Хандсан тоо: 87 Хуваалцах

Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи, Бүгд Найрамдах Солонгос Улсын Оюуны өмчийн шүүхийн харьяа Олон улсын оюуны өмчийн эрх зүйн судалгааны төвтэй харилцан ойлголцлын санамж бичиг 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр цахимаар байгууллаа.
Энэхүү санамж бичигт Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн захирал Д.Эрдэнэчимэг, БНСУ-ын Оюуны өмчийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Хан Гю Хён нар гарын үсэг зурав.


Санамж бичгийн хүрээнд Монгол улсаас жил бүр хоёр шүүгчийг Олон улсын оюуны өмчийн эрх зүйн судалгааны төвд судлаачаар ажиллуулах, шүүгч, судлаач, шүүхийн мэргэжилтнүүдийг харилцан cолилцох, туршлага судлуулах, олон улсын хурал, симпозиум, эрдэм шинжилгээний хурлуудад төлөөлөгчдийг оролцуулахад харилцан дэмжлэг үзүүлэх, зочин судлаач солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, сургалтын хэрэглэгдэхүүн, орчуулгын үйлчилгээ болон бусад шаардлагатай мэдээллээр харилцан хангаж, эрх зүйн хүрээнд хамтран ажиллахаар тохиролцлоо.


Санамж бичиг байгуулах арга хэмжээнд Шүүхийн академийн Судалгааны төвийн дарга Б.Дөлгөөн, Сургалтын төвийн дарга Г.Халиунаа, Мэдээллийн төвийн дарга С.Насанжаргал, УДШ-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан референт З.Гэрэлмаа, БНСУ-ын талаас Олон улсын оюуны өмчийн эрх зүйн судалгааны төвийн захирал, БНСУ-ын Оюуны өмчийн давж заалдах шатны шүүхийн дэд ерөнхий шүүгч Жун Тэксу, танхимын тэргүүлэх шүүгч Ким Юн Ги, Шүүхийн захиргааны дэмжлэг хариуцсан шүүгч Юн Жун-Үн, Шүүхийн захиргааны хэлтсийн дарга Юү Жин Хан нар оролцлоо.

 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ