БУСДААС АВТО ЗОГСООЛ ЗАХИАЛАХ ЭРХ ШИЛЖҮҮЛЭН АВАХДАА ЭРХИЙН ЗӨРЧИЛ БАЙГАА ЭСЭХИЙГ НЯГТЛАХ ШААРДЛАГАТАЙ
2026-02-25 Админ Хандсан тоо: 99 Хуваалцах

Нэхэмжлэгч Д.Э, Б.Д нар нь хариуцагч “С” ХХК, Б.Э /тухайн үед “С” ХХК-д ажиллаж байсан борлуулалтын менежер/ нарт холбогдуулан 2019.06.24-ний өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээний алданги 441,000,000 төгрөг, 2 ширхэг авто зогсоолын хохирол 140,000,000 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргаж, хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Эхний шаардлага буюу “С” ХХК-с 441,000,000 төгрөг гаргуулах шаардлагын хүрээнд талууд эвлэрлийн гэрээ байгуулсан ба хоёр дахь шаардлагын тухайд “... 2020.02.04-ний өдрийн “Дулаан зогсоол захиалан бариулах гэрээ шилжүүлэх нь” нэртэй хэлцлийн дагуу орон сууцны хорооллын автомашины 108, 109 тоот хоёр ширхэг дулаан зогсоол худалдан авсан. Хоёр зогсоолын одоогийн зах зээлийн үнэлгээ 180,000,000 төгрөгөөс Б.Э-ийн буцааж өгсөн 40,000,000 төгрөгийг хасаж 2 ширхэг дулаан зогсоолын үнийн зөрүүнд нийт 140,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулна.” гэж тайлбарлажээ.

Тухайн авто зогсоол захиалгын гэрээ нь анх “С” ХХК болон Т.Б нарын хооронд байгуулагдсан ба гэрээний үүргийг Б.Д-д шилжүүлжээ. Ийнхүү шилжүүлэхдээ нэг талаас “С” ХХК-ийн борлуулалтын менежер Б.Э нөгөө талаас Б.Д нар гарын үсэг зурсан байна. Энэ талаар хариуцагч “С” ХХК-ийн зүгээс “... Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Дулаан зогсоолын эрх шилжүүлэх гэрээ хариуцагчид байхгүй, ... хариуцагчийн зөвшөөрөл олгогдоогүй, хууль бус буюу хүчин төгөлдөр бус хэлцэл. Тухайн үед ажиллаж байсан борлуулалтын менежер Б.Э нь “С” ХХК-д мэдэгдэлгүйгээр хуурамч бичиг баримт ашиглан хэлцэл хийж төлбөрийг өөрийн хамаарал бүхий хүн рүү шилжүүлэн авсан...” хэмээн тайлбарладаг байна. Харин хариуцагч Б.Э 140,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “... хоёр авто зогсоолын төлбөрт нэхэмжлэгчээс төлсөн 40,000,000 төгрөгийг хоёр хувааж буцаан шилжүүлсэн, ... уг авто зогсоолын одоогийн зах зээлийн үнэлгээг 90,000,000 төгрөг гэдэг ч нотолсон баримт байхгүй.” гэж тайлбарласан.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.