ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
“Монгол Улсын институцийн шударга, ил тод байдал” төслийн II шатны нээлт боллоо
2025-12-12 Админ Хандсан тоо: 87 Хуваалцах
АНУ-ын Засгийн газар Төрийн Департментын дэргэдэх Олон улсын хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх, хууль сахиулах товчооны санхүүжилтээр Монгол Улсын Авлигатай тэмцэх газар, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагаас хэрэгжүүлж буй “Монгол Улсын институцийн шударга, ил тод байдал” төслийн хоёрдугаар шатны нээлтийн үйл ажиллагаа 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулагдлаа.
Хоёр дахь шатны төсөл авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, авлигатай тэмцэх тогтолцоог бэхжүүлэх зорилго дор эхний шатны төслийн үр дүнд суурилан хэрэгжих бөгөөд нэгдүгээр шатны төслөөр зохион байгуулсан эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх ажиллагааны сургалтыг Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академиар магадлан итгэмжлүүлж, шүүгч нарт энэ чиглэлээр сургалт зохион байгуулж, тэдний мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зэрэг олон шатны үйл ажиллагааны хүрээнд төлөвлөгдөөд байна.
“Монгол Улсын институцийн шударга, ил тод байдал” төслийн эхний шат 2021–2024 онд амжилттай хэрэгжиж, авлигатай тэмцэх чадавхыг сайжруулах суурь орчин бүрдүүлсэн бол хоёр дахь шат 2024-2027 оны хооронд 3 жилийн хугацаатай хэрэгжиж байгаа юм.

“Монгол Улсын институцийн шударга, ил тод байдал” төслийн II шатны нээлтийн арга хэмжээнд АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Л. Буанган, Олон улсын эрх зүйн байгууллагын суурин төлөөлөгч Чарльз Болланд, Авлигатай тэмцэх газрын дэд дарга Г.Азжаргал болон холбогдох албан хаагчид, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн удирдлагууд оролцож, авлигын хэргийн талаар илтгэл хэлэлцүүлэн мэдээлэл солилцлоо.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ