“Эшлэл хийх, эх сурвалжийг заах, ном зүйн бичилт хийх стандарт”-д их дээд сургуулиуд нэгдэн орлоо
2025-11-20 Админ Хандсан тоо: 65 Хуваалцах

“Эшлэл хийх, эх сурвалжийг заах, ном зүйн бичилт хийх стандарт”-д нэгдэн орох, гарын үсэг зурах арга хэмжээ өнөөдөр буюу 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр боллоо.

Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн захирал Д.Эрдэнэчимэг  хэлэхдээ 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Хууль зүйн үндэсний хүрээлэн хамтран баталсан “Эшлэл хийх, эх сурвалжийг заах, ном зүйн бичилт хийх стандарт” улам өргөжиж, Монгол Улсад эрх зүйн докторын зөвлөлтэй их дээд сургуулиуд нэгдэж байгааг онцлон, талархал илэрхийллээ.

“Эшлэл хийх, эх сурвалжийг заах, ном зүйн бичилт хийх стандарт”-д Отгонтэнгэр их сургууль, Шихихутуг их сургууль, Дотоод хэргийн их сургууль, Их засаг олон улсын их сургууль болон Санхүү эдийн засгийн их сургуулиуд нэгдэн орж, санамж бичигт гарын үсэг зурлаа.

Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн Судалгааны төвийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн “Эшлэл хийх, эх сурвалжийг заах, ном зүйн бичилт хийх стандарт”-ын ерөнхий шаардлага, агуулга, эх сурвалжийг заах журам, тэдгээрийн жишээ, олон улсын туршлага зэргийг танилцуулж, шүүгч, эрдэмтэн багш, судлаачид стандартыг шинэчлэх, цаашид нэмж оруулах саналуудыг хэлэлцүүллээ.

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал Б.Амарсанаа хэлсэн үгэндээ Эшлэл хийх стандарт нь өөрчлөгдөшгүй зүйл биш үргэлж шинэчлэгдэж байх ёстойг онцлоод, “Эшлэл хийх, эх сурвалжийг заах, ном зүйн бичилт хийх стандарт”-д нэгдэн орж буй сургуулиудад талархал илэрхийлэв.

Энэхүү стандартад нэгдсэнээр, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академиас эрхлэн гаргадаг  “Монголын шүүх, эрх зүй судлал”,  МУИС-ийн Хууль зүйн сургуулиас эрхлэн гаргадаг “Эрх зүй”, Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс эрхлэн гаргадаг “Хууль дээдлэх ёс”, Отгонтэнгэр их сургуулиас эрхлэн гаргадаг “Отгонтэнгэр”, Их засаг олон улсын сургуулиас эрхлэн гаргадаг “Их Засаг”, Шихихутуг их сургуулиас эрхлэн гаргадаг ”Шихихутуг”,  Санхүү эдийн засгийн их сургуулиас эрхлэн гаргадаг “Mongolian journal of economic review” сэтгүүлийн өрсөлдөх чадвар нэмэгдэх, эшлэл авах ажиллагаа хялбар болох, судалгааны бүтээлийн агуулга, зохиомж илүү боловсронгуй болох, эшлэл тоолох үйл явц хялбарших, зохиогчийн эрхийн хамгаалалт сайжрах, оюуны өмчийн хуулбарлалт буурах, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх зэрэг олон талын ач холбогдолтой.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ