ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
“Хүүхэд өртсөн гэмт хэрэгт бид дөжрөх ёсгүй” гэж талууд уриаллаа
2025-11-19 Админ Хандсан тоо: 198 ХуваалцахХүүхэд өсвөр үеийнхний хүний эрх, хууль эрхзүйн талаарх ойлголт мэдлэгийг сайжруулж, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилго бүхий хамтарсан уулзалт 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр боллоо.
Хамтарсан уулзалтад Шүүхийн академийн захирал Д.Эрдэнэчимэг,Монгол Улсын дээд шүүхийн тамгын газрын дарга С.Заяадэлгэр, Хүүхэд, гэр бүлийн хамгааллын бодлогын хэрэгжилтийн газрын дарга Л.Бадамцэцэг, Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Хүүхэд, гэр бүлийн хамгааллын бодлогын хэрэгжилтийн газрын мэргэжилтэн Э.Дөлгөөн, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх, Баянгол, Хан-Уул,Сонгинохайрхан Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх, Багахангай, Налайх Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч, тамгын газрын дарга нарын төлөөлөл оролцож санал солилцлоо.

Уулзалтын үеэр Баянгол, Хан-Уул,Сонгинохайрхан Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Б.Дашдондов хүүхэд хохирогч болсон гэмт хэрэг, зөрчилд иргэд дөжирч гомдол гаргахгүй, нуун дарагдуулах байдал газар авч байгааг онцлоод энэ талаар ажиллаж, гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийг ахлах ангийн сурагчдад ойлгуулахад шүүх бүх талаар хамтран ажиллахад бэлэн байгааг онцолж байлаа.
Уулзалтаас Хүүхдийн эрхийн тухай конвенц болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн хүрээнд үе тэнгийн дээрэлхэлтийн шалтгаан, хор уршиг, түүнээс урьдчилан сэргийлэх сургалт, арга хэмжээг дүүргүүдийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүдтэй хамтран зохион байгуулахаар болж, тэргүүн ээлжинд ЕБС-иудын нийгмийн ажилтан, захирал, удирдлагууд улмаар ахлах ангийн сурагчдад хууль эрх зүйн мэдлэг, мэдээллийг шүүхийн үйл ажиллагаатай танилцуулах замаар түгээж ажиллахаар тогтсон бөгөөд “Хүүхэд өртсөн гэмт хэрэгт бид дөжрөх ёсгүй” гэж талууд уриалаад энэхүү үйл ажиллагааг тогтмолжуулахаар тохирлоо.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ