ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
Иргэн, Захиргааны эрх зүйн чиглэлийн шүүгч-сургагч багш нар заах арга зүйн сургалтад хамрагдаж, батламж гардан авлаа
2025-09-12 Админ Хандсан тоо: 99 Хуваалцах
“Монгол Улсын Шүүх эрх мэдлийн шинэтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” Twinning буюу Хосолмол түншлэлийн төслийн хүрээнд шүүгч-сургагч багш нарт зориулсан заах арга зүйн сургалтыг 2025 оны 9 дүгээр сарын 8-9 болон 11-12-ны өдрүүдэд хоёр ээлжээр зохион байгууллаа.
Нэгдүгээр ээлжийн сургалтад Эрүү, Иргэний эрх зүйн чиглэлийн шүүгч-сургагч багш нар хамрагдсан бол хоёрдугаар ээлжид Иргэн, Захиргааны эрх зүйн чиглэлийн шүүгч-сургагч багш нар тус тус хамрагдсан юм.
Сургалтад хамрагдсан шүүгч-сургагч багш нарт Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн Сургалтын төвийн дарга Г.Халиунаа, Twinning төслийн суурин зөвлөх Кристоф Копекци болон ХБНГУ-ын Дюссельдорф хот дахь Бүсийн дээд шүүхийн Танхимын тэргүүн шүүгч Др. Арнд Вайсхаупт, Зийген хотын Орон нутгийн шүүхийн шүүгч Уве Штарк нар батламж гардуулан өглөө.
Сургалт нь “Амжилттай сургалт хөтлөн явуулах аргачлал”, “Насанд хүрэгчдийн суралцахуйн онцлог”, “Оролцогчдыг сэдэлжүүлэх арга барил”, “Сургалтын үр дүнг нэмэгдүүлэх арга зүй” зэрэг сэдвээр явагдлаа. Мөн сургалтын гарын авлагыг англи, монгол хэлээр боловсруулан Шүүхийн академийн сургалтын цахим системд байршуулсан.
Сургалтын үр дүнд шүүгч-сургагч багш нар мэдлэг, ур чадвараа гүнзгийрүүлэхээс гадна орчин үеийн сургалтын арга барилд суралцан, цаашид практикт хэрэгжүүлэх боломж бүрдэж байна.
Энэ удаагийн сургалтад нийт 50 шүүгч-сургагч багш хамрагдав.