ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
“МОНГОЛ УЛСЫН ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙН ШИНЭТГЭЛИЙГ ҮР ДҮНТЭЙ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ” ХОСОЛМОЛ ТҮНШЛЭЛИЙН ТӨСӨЛ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2025-07-02 Админ Хандсан тоо: 190 Хуваалцах
Монгол Улсын дээд шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Шүүхийн академи, Шүүхийн Сахилгын Хороо зэрэг байгууллагуудтай хамтран Европын холбооны санхүүжилтээр Германы Олон Улсын эрх зүйн хамтын ажиллагааны сангаас хэрэгжүүлж буй “Монгол Улсын шүүх эрх мэдлийн шинэтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” хосолмол түншлэлийн төслийн нээлтийн арга хэмжээ 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр боллоо.
Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг, Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын тэргүүн, элчин сайд Ина Марчюлёните, Холбооны бүгд найрамдах Герман улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Хелмут Кулиц, мөн тус улсын Эдийн засаг, эрчим хүчний яамны Европын эдийн засгийн бодлого, дотоод зах зээлийн газрын Дэд захирал Нина Вундерлих нар үг хэлж, Монгол улсад анх удаа хэрэгжүүлж буй энэхүү хосолмол түншлэлийн төслийг хамтран зохион байгуулж байгаад талархал илэрхийлээд, бодит үр дүнд хүрнэ гэдэгт итгэж байгаагаа талууд илэрхийллээ.
Монгол Улсын шүүх тогтолцооны шинэчлэлд идэвхтэй хувь нэмэр оруулах замаар хууль дээдлэх ёс, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх зорилготой энэхүү төсөл 2025 оны 4-р сарын 1-ний өдрөөс 2026 оны 12-р сарын 31-ний хооронд хэрэгжих юм.
Төслийн хүрээнд Шүүхийн академийн институтийн чадавх болон Мэдээллийн төвийн үйл ажиллагааг сайжруулж, шүүгчийн мэргэшүүлэх, сургагч багш бэлтгэх, шинээр томилогдсон шүүгчдэд зориулсан сургалтын хөтөлбөрүүдийг боловсронгуй болгоход чиглэсэн шат дараатай ажлуудыг хамтран хэрэгжүүлнэ.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ