“ДАГНАСАН ШҮҮХИЙН ТОГТОЛЦОО: ХҮҮХДИЙН ЭРХ АШИГ БА ГЭР БҮЛ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
2025-06-26 Админ Хандсан тоо: 101 Хуваалцах

Монгол Улсын дээд шүүх, Шүүхийн академи, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO), Ханнс-Зайделийн сан хамтран “Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” сэдэвт Олон Улсын эрдэм шинжилгээний хурлыг 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг “Гэр бүл, хүүхдийн хэргийг дагнан шийдвэрлэх шүүх байгуулах нь хүүхдийн хууль ёсны эрх ашгийг зохих ёсоор хамгаалах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох онцлогт нийцсэн нөхцөлийг бүрдүүлэх, шүүхийн ачааллыг зөв хуваарилах, гэр бүлийн хариуцлагыг дээшлүүлэх, эвлэрүүлэн зуучлалын үр нөлөөг ахиулах зэрэг олон талын ач холбогдолтой болохыг харж болно” гэсэн юм.

Хуралд Монгол, Австрали, ХБНГУ, Япон, Нидерланд, БНСУ, БНТУ, АНУ зэрэг найман орны шүүгч,  эрдэмтэн, судлаачид “Гэр бүл ба хамтын амьдрал, үрчлэлт, гэрлэлт цуцлалт, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхол, асран хамгаалалт, дундын эд хөрөнгийн харилцаан дахь тулгамдсан асуудал”, “Өсвөр насны хүнд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа”, “Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ба шүүхийн бүтэц, зохион байгуулалт’’ зэрэг сэдвийн хүрээнд танхим болон цахим хэлбэрээр оролцож, илтгэл хэлэлцүүлэн, харилцан туршлага хуваалцлаа.

Хуралдааны төгсгөлд УДШ-ийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн, хууль зүйн доктор Ч.Хосбаяр “Бидний байгуулах шүүх нь хэрэг маргааны харьяаллыг хуулиар тодорхойлсон, мэргэшсэн шүүгчтэй, шаардлагатай дэд бүтэц, эдийн засгийн нөөцтэй байхаас гадна нотлох ажиллагаа, мэтгэлцээний хууль зүйн стандартыг хангах ёстой” гэв. Мөн УДШ-ийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг Монгол Улсад гэр бүл, хүүхдэд ээлтэй мэргэшсэн шүүхийн тогтолцоог бүрдүүлэх, үндэсний бодлого, хууль тогтоомжийг боловсронгуй болгоход чиглэсэн чухал алхам боллоо хэмээн онцолж, хуралд оролцсон зочид төлөөлөгчид болон хамтран зохион байгуулсан бүх байгууллагад талархал илэрхийллээ.

Тус Олон улсын эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлсэн илтгэлүүдийг эмхэтгэн олны хүртээл болгоно.

                                                                                        МЭДЭЭЛЛИЙН ТӨВ