“ШҮҮХИЙН ХАРААТ БУС БАЙДАЛ БА ЦАХИМЖИЛТ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН БАГА ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ
2025-06-16 Админ Хандсан тоо: 492 Хуваалцах

Улсын дээд шүүх, Шүүхийн Академи, Шүүхийн ерөнхий зөвлөл, Монгол Улс дахь АНУ-ын Элчин Сайдын Яам хамтран Америкийн Нэгдсэн Улсын Конгрессын дэргэдэх “Олон улсын манлайллын төв” (COIL – Congressional Office for International Leadership)-өөс шүүхийн салбарт хэрэгжүүлдэг “Нээлттэй дэлхий” хөтөлбөрийн төгсөгчдийн анхдугаар хуралдааныг Улаанбаатар хотноо 2025 оны 06 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Хурлыг нээж,  Улсын дээд шүүхийн шүүгч Д.Ганзориг нийт зочид төлөөлөгчдөд хандан "Шүүхийн цахим шилжилтэд “хиймэл оюун” онцгой анхаарал татаж шүүхийн процесс, шийдвэр, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, улмаар хүний эрхийн хамгаалалтад өндөр нөлөө үзүүлж байгаагаас шалтгаалан салбарын стратеги төлөвлөлтөд зайлшгүй харгалзах ёстой хүчин зүйл болж байна. Үүнтэй зэрэгцэн “мэдээлэл”-ийн “нууцлал”, “иж бүрдлийн бүрэн бүтэн байдал”, “ашиглалт”, “кибер аюулгүй байдлын асуудал”-ыг шүүхийн салбарт зөвхөн технологийн түвшинд бус, эрх зүйн орчин, байгууллагын ба албан хаагчийн менежментийн түвшинд нарийвчлан анхаарах шаардлага нэгэнт тодорхой боллоо” хэмээн онцлон тэмдэглэлээ. Харин АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган хэлсэн үгэндээ “АНУ нь Монгол Улсын ардчиллын хөгжлийг тууштай дэмждэг агаад энэ бага хурал эрх зүйт төр, хариуцлагатай засаглал, дэлхийн орнуудын хамтын ажиллагааг урагшлуулах чиглэлд хамтарч буй манай хоёр улсын бат бэх түншлэлийн нэгэн тод илрэл болж байна” гэв. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Мөнгөнцэцэг  “Нээлттэй дэлхий” хөтөлбөрийн төгсөгчдийн анхдугаар хуралдааныг зохион байгуулж буй нь Монгол Улсын шүүх засаглалын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

Бага хурал нь  Армени, Эстони, Индонез, Казахстан, Киргизстан, Молдав, Узбекистан, Серби, АНУ зэрэг орны нийт 80 шүүгч, шүүхийн салбарын удирдлага, захиргааны алба хаагчид зэрэг нийт 120 гаруй хүний бүрэлдэхүүнтэй болж байна.

 “Шүүхийн хараат бус байдал ба цахимжилт” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэн, харилцан туршлага хуваалцах ба  Улсын дээд шүүх, Шүүхийн Академи, Шүүхийн ерөнхий зөвлөл болон Монгол Улс дахь АНУ-ын Элчин Сайдын Яам хамтран зохион байгуулж байна.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ