ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
Ц.ЦОГТ: “Open World Leadership Program” хөтөлбөрийн төгсөгчдийг хүлээн авахад бид бэлэн боллоо
2025-06-14 Админ Хандсан тоо: 675 ХуваалцахМонгол Улсын дээд шүүх, Шүүхийн Академи болон Улаанбаатар дахь АНУ-ын Элчин Сайдын Яам хамтран энэ оны 6 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Open World Leadership Program” хөтөлбөрийн төгсөгчдийн анхдугаар хуралдааныг зохион байгуулах гэж буйдаа баяртай байна.
Армени, Эстони, Индонези, Казахстан, Киргиз, Молдав, Серби, Узбекистан, АНУ зэрэг орны шүүгчид, анд нөхдөө бид халуун дотноор хүлээн авахад бэлэн боллоо.
Энэхүү томоохон хурлыг өөрийн улсдаа анх удаа зохион байгуулж байгаа нь бидний хувьд нэр төрийн хэрэг гэдгийг дуулгахад таатай байна.
“Нээлттэй дэлхий” хөтөлбөрт 2013 оноос хойш Монгол Улсаас нийт 79 шүүгч амжилттай оролцоод байна.
Энэхүү хуралдааны үеэр бид Шүүхийн дижитал шилжилт, ил тод, нээлттэй байдлыг хөгжүүлэх асуудлууд, мөн технологийн эрин үед шинэ сорилтуудыг даван туулахад хэрхэн дасан зохицож байгаа зэрэг сэдвийн хүрээнд харилцан туршлагаа хуваалцах болно.
Та бүхнийг Монгол сайхан оронд зочилж, бидний өв соёл, уламжлалтай танилцан, дурсамжтай өдрүүдийг хамтдаа өнгөрүүлэхийг урьж байна. Зуны богинохон боловч сайхан өдрүүдэд төгсөгчид, хүндэт зочдоо эх орондоо угтан авахад бид бэлэн гэдгээ дахин илэрхийлье.