“ШҮҮХИЙН ХАРААТ БУС БАЙДАЛ БА ЦАХИМЖИЛТ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН БАГА ХУРАЛ БОЛНО
2025-06-13 Админ Хандсан тоо: 601 Хуваалцах

Улсын дээд шүүх, Шүүхийн Академи, Шүүхийн ерөнхий зөвлөл болон Монгол Улс дахь АНУ-ын Элчин Сайдын Яам хамтран 2025 оны 6 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Америкийн Нэгдсэн Улсын Конгрессын дэргэдэх “Олон улсын манлайллын төв” (COIL – Congressional Office for International Leadership)-өөс шүүхийн салбарт хэрэгжүүлдэг “Нээлттэй дэлхий” хөтөлбөрийн төгсөгчдийн анхдугаар хуралдааныг “Шүүхийн хараат бус байдал ба цахимжилт” сэдвийн дор зохион байгуулах гэж байна.

“Шүүхийн хараат бус байдал ба цахимжилт’’ олон улсын бага хуралд  “Шударга ёсны хүртээмжийг нэмэгдүүлэхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цахимжуулах нь’’, “Хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангахад хэрэг судлал (database, caselaw)  ашиглах нь”, “Дижитал эрин үе дэх хиймэл оюун ба шүүх", "Кибер аюулгүй байдлын асуудлууд”, “Олон нийтийн мэдэх эрх ба шүүхэд итгэх итгэл", "Дижитал эрин үе дэх шүүхийн сургалт: цахим хэрэгсэл, хиймэл оюуныг хэрэглэх чадварыг хөгжүүлэх нь” зэрэг сэдвийн хүрээнд зочид төлөөлөгчид  хэлэлцүүлэг өрнүүлж, харилцан туршлага солилцоно.

Бага хуралд Армени, Эстони, Индонез, Казахстан, Киргизстан, Молдав, Узбекистан, Серби, АНУ, Монгол зэрэг орны шүүгчид оролцоно. 

Олон улсын манлайллын төв  (COIL) нь Евроази, Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн 25 оронд “Нээлттэй дэлхий” хөтөлбөрийг хэрэгжүүлж, Америкчууд болон дэлхий даяарх түншүүдийн хооронд харилцан ойлголцлыг бэхжүүлэх, туршлага солилцох зорилготой. Монгол Улсаас  2013 оноос эхлэн тус хөтөлбөрт 79 шүүгч, бусад салбарын  нийт 134 мэргэжилтэн хамрагдсан байна.

Энэхүү хөтөлбөр нь Монгол, АНУ-ын хоёр талын харилцааг бэхжүүлэхэд онцгой ач холбогдолтой бөгөөд ардчиллын суурь зарчим, засаглалын талаар өргөн хүрээний ойлголт авах боломжийг олгож, хууль тогтоох, шүүх эрх мэдлийн салбарын тогтолцоог сайжруулж, мэргэжлийн орон зайг харилцан бэхжүүлэхэд хувь нэмэр оруулдаг байна.

“Шүүхийн хараат бус байдал ба цахимжилт” сэдэвт олон улсын бага хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.jtrii.mn вэб сайтад байршуулсан “COIL ALUMNI” нэмэлт цэсээс авна уу.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ