ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
Төлбөр төлөгчийн худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагч төлбөрт тооцон авахаас татгалзсан нөхцөлд гүйцэтгэх баримт бичгийг буцааж, түүнийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй байхаар хуульчилсан нь үндсэн хууль зөрчсөн
2025-05-07 Админ Хандсан тоо: 215 Хуваалцах
Мэдээлэл гаргагчийн тайлбар: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь заалт, 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэг, 73.4 дэх хэсэгт заасан зохицуулалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн болохыг тогтоож, хүчингүй болгуулахаар мэдээлэл гаргасан ба мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт “... 31.1.2 ...” гэж заасан нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг хянуулахаар мэдээллийн шаардлагын хэмжээг ихэсгэжээ.
Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд гаргасан тайлбартаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомж, түүний дотор шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх талаарх зохицуулалт нь төлбөр авагчийн эрх ашигт нийцсэн байхаас гадна төлбөр төлөгчийн эрхийг мөн хамгаалах нь зүйтэй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь заалт, 73 дугаар зүйлийн 73.1, 73.4 дэх хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчөөгүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн ба тус итгэмжлэгдсэн төлөөлөгч Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд гаргасан тайлбартаа “хэрэв Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь заалтад заасан үндэслэлээр буцаасан гүйцэтгэх баримт бичгийг гүйцэтгүүлэхээр хэдэн ч удаа дахин ирүүлж болохоор зохицуулалтыг өөрчилбөл төлбөр авагчид хэт давуу байдлыг бий болгож, төлбөр төлөгчийн эрхийг зөрчихөд хүргэнэ. Иймээс Монгол Улсын Их Хурал Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 08 дугаар дүгнэлтийг хэлэлцээд хүлээн авах боломжгүй гэж үзсэн” гэжээ.
Монгол Улсын дээд шүүхээс Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбар: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 2002 оны хуулийн 17 дугаар зүйлийн 17.5 дахь хэсэгт гүйцэтгэх баримт бичгийг буцаахдаа дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй гэж хуульчилсан байсныг 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болгож, тус хуулийн 17.4 дэх хэсэгт “Гүйцэтгэх баримт бичгийг энэ хуулийн 17.1-т заасан үндэслэлээр төлбөр авагчид буцаасан бол түүнийг дахин гүйцэтгүүлэхээр шийдвэр гүйцэтгэх албанд ирүүлж болно” гэж өөрчилж, Үндсэн хуульд нийцүүлсэн байна. 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд ийнхүү залруулж зөвтгөж байсан атлаа 2017 оны шинэчилсэн найруулгын 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт “Гүйцэтгэх баримт бичгийг энэ хуулийн 31.1.1, 31.1.2-т заасан үндэслэлээр төлбөр авагчид буцаасан тохиолдолд түүнийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй” гэж заасан нь төлбөр авагчийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх үндсэн эрхэд нийцээгүй агуулгатай болсон байна” гэжээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбар: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт заасан ажиллагааны зорилго нь төлбөр төлөгчийн хөрөнгийг үнэгүйдүүлэх, тэдгээрийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх, өөрт ашиг, орлого бий болгохуйц эд хөрөнгийг авах, эсхүл өндөр үнийн дүнтэй хөрөнгийг өөрийн бага төлбөрийн шаардлагад нийцүүлэн авах төлбөр авагчийн шаардлагыг хуулиар хязгаарлаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад талуудын тэгш эрхийн тэнцвэртэй байдлыг хангахад чиглэгдсэн” гэжээ.
Хураангуйн дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.