Шүүхийн Академи, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Хууль зүйн үндэсний хүрээлэн эшлэл хийх нэгдсэн стандартыг дагаж мөрдөхөөр нэгдлээ
2025-04-17 Админ Хандсан тоо: 665 Хуваалцах

Шүүхийн Сургалт, Судалгаа, Мэдээллийн Академи болон МУИС-ийн Хууль зүйн сургууль, Хууль зүйн үндэсний хүрээлэн 2025 оны 04 сарын 17-ны өдөр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Хамтран ажиллах  санамж бичгийн хүрээнд талууд хууль зүйн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хөгжүүлэх, чадварыг дээшлүүлэх, эрх зүйн чиглэлийн сэтгүүлүүдийн эшлэл, ном зүйн бичилтийн нэгдсэн стандартыг мөрдөж ажиллахаар тохирлоо. Шүүхийн Академи болон МУИС-ийн Хууль зүйн сургууль, Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс хамтран баталсан “Эшлэл хийх, эх сурвалжийг заах, ном зүйн бичилт хийх стандарт”-ыг дээрх байгууллагуудаас эрхлэн гаргадаг “Монголын шүүх, эрх зүй судлал”, “Эрх зүй”, “Хууль дээдлэх ёс” зэрэг эрдэм шинжилгээний сэтгүүлүүд дагаж мөрдөхөөр боллоо.

Уг стандартыг хэрэгжүүлснээр судлаачдад эшлэл авах ажиллагаа хялбар болох, судалгааны бүтээлийн агуулга, зохиомж илүү боловсронгуй болох, сэтгүүлийн өрсөлдөх чадвар нэмэгдэх, эшлэл тоолох үйл явц хялбарших, зохиогчийн эрхийн хамгаалалт сайжрах, оюуны өмчийн хуулбарлалт буурах зэрэг олон талын ач холбогдолтой болохыг талууд дурдлаа. Мөн энэхүү шинэчлэл нь Монгол Улсын хууль зүйн судалгааны бүтээлүүдийг олон улсын жишигт нийцүүлж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх суурь нөхцөл болж буйг талууд онцолж байв.

Тус санамж бичиг байгуулах арга хэмжээнд Шүүхийн Академийн захирал Д.Эрдэнэчимэг, МУИС-ийн ХЗС-ийн захирал Б.Амарсанаа нар биечлэн, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал Х.Эрдэм-Ундрах цахимаар  оролцож, Шүүх, эрх зүй судлал сэтгүүлийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн, Эрх зүй сэтгүүлийн эрхлэгч, МУИС-ийн ХЗС-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга М.Уянга, МУИС-ийн ХЗС-ийн багш Л.Энхтайван нар байлцлаа.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ