СУУЦ ӨМЧЛӨГЧДИЙН ХОЛБОО ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД ХОЛБОГДОГЧООР ТАТАГДАХ БОЛОМЖТОЙ
2024-05-01 Админ Хандсан тоо: 19 Хуваалцах

Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2024.02.23-ны өдрийн 128/ШШ2024/0164
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Шийдвэрийн тойм-2. 2024.04.24

  Шүүхэд гомдол гаргагч “Э” СӨХ нь СБД-ийн 1 дүгээр хороо, ХХ дугаар байрны оршин суугчдын байгуулсан сууц өмчлөгчдийн холбоо бөгөөд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 68 дугаартай гэрчилгээтэй, гүйцэтгэх захирлаар нь иргэн Ш ажилладаг.

    Тус СӨХ-нд үйлчлэгч ажилтай, иргэн Н-ээс СБД-ийн Нийгмийн даатгалын хэлтэст хандан “Э СӨХ-нд ажилд анх ороход хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй …” гэх үндэслэлээр гомдол гаргажээ.

   Дээрх гомдлын дагуу СБД-ийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч О нь “Э” СӨХ-ны гүйцэтгэх захирал Ш-д холбогдуулан “иргэн Н-д 2019 оны 07 дугаар сараас 2023 оны 11 дүгээр сарыг дуустал хугацаанд олгосон хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй” гэх зөрчилд Зөрчлийн хуулийн 10.17 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар зөрчлийн хэрэг нээжээУлмаар 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гаргасан 0042719 дугаартай шийтгэлийн хуудастаа холбогдогчийг “Э” СӨХ гэж бичсэн байдаг.

   Гомдол гаргагч “Э” СӨХ-ны зүгээс “... улсын байцаагч нь анх холбогдогчийг тогтоохдоо СӨХ-ны гүйцэтгэх захирал Ш-ийг тодорхойлсон нь үндэслэлгүй, тэгсэн атлаа шийтгэлийн хуудсыг ногдуулахдаа холбогдогчоор манай СӨХ-г бичсэн нь зөрчилтэй, мөн манай СӨХ-г хуулийн этгээдийн эрхгүй этгээд гэдгийг анхаараагүй, үүгээрээ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар холбогдогч нь зөвхөн иргэн, эсхүл хуулийн этгээд байхаар заасныг зөрчсөн” гэж маргасан.

   Шүүхээс тухайн харилцаанд хэрэглэгдэх хуулиудыг дараах байдлаар тайлбарласан, тухайлбал Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нь иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага байна” гэж, Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 1 болон 2 дахь хэсэгт субъектийг заахдаа “Ажил олгогч ...” гэж тус тус заасан, үүнээс үзвэл сууц өмчлөгчдийн холбоо нь хуулийн этгээдийн эрхгүй байгууллага боловч иргэний эрх зүйн харилцааны оролцогч мөн, түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлд зөрчилд хамаарах субъектийг тодорхойлохдоо “шимтгэл төлөгч” бус, харин “ажил олгогч” гэх ойлголтыг хэрэглэсэн байна гэж үзэв.

   Өөрөөр хэлбэл, нэгэнт сууц өмчлөгчдийн холбоо нь иргэнийг тодорхой орон тоон дээр буюу энэ тохиолдолд иргэн Н-ийг үйлчлэгчийн орон тоон дээр ажиллуулж, хөдөлмөрийн харилцаанд оролцсон ажил олгогч байх тул зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны холбогдогч болно гэж тайлбарлав.

   Нэгэнт материаллаг хууль болох Зөрчлийн тухай хуульд “ажил олгогч”-д хамаарах зөрчлийг заасан энэ тохиолдолд хуулийн этгээд, эсхүл хуулийн этгээдийн эрхгүй байгууллагын хэн байхаас үл хамааран түүнийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны холбогдогч болно гэж үзэх нь хууль болон эрх зүйн зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос:  https://shuukh.mn/single_case/15532?daterange=2024-01-01%20-%202024-04-23&id=1&court_cat=3&bb=1

Тойм бэлтгэсэн: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ