Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
2026-11-25 Админ Хандсан тоо: 215 Хуваалцах

Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн захирал Д.Эрдэнэчимэг, Улсын Их Хурлын Тамгын газрын дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал А.Амарбал нар 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Санамж бичгийн хүрээнд талууд эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хөгжүүлэх, судалгааны чадавхыг бэхжүүлэх, судалгаанд суурилсан бодлогын шийдвэр гаргалтыг дэмжих чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.
Энэ хүрээнд хоёр байгууллагын номын сангийн нөөц, судалгааны бүтээл, цахим мэдээллийн санг харилцан ашиглах, ном зүй болон судалгааны мэдээллээр хангах, цахим сан бүрдүүлэлт, мэдээллийн хайлт, каталогжуулалтын чиглэлээр туршлага солилцоно. Мөн судалгааны бүтээлийг олон нийтэд нээлттэй болгож, тэдгээрийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах юм.


Түүнчлэн хамтарсан судалгаа хийх, хурал, хэлэлцүүлэг, сургалт зохион байгуулах, сургалтын хөтөлбөр, материал боловсруулах чиглэлээр мэдээлэл, туршлага солилцохын зэрэгцээ хууль, эрх зүйн баримт бичиг, хууль тогтоох үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл, хурлын тэмдэглэл болон бусад баримт бичгийг цаг алдалгүй харилцан солилцох боломжтой болж байна.
Санамж бичиг байгуулах ёслолд Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн, Сургалтын төвийн дарга Г.Халиунаа, Мэдээллийн төвийн дарга С.Насанжаргал, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн Захиргаа, зохион байгуулалтын газрын дарга Б.Бат-Өлзий, Эрдэмтэн нарийн бичгийн дарга Г.Туяагэрэл, Захиргаа, зохион байгуулалтын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хариуцсан референт О.Дашдондог нар оролцлоо.


МЭДЭЭЛЛИЙН ТӨВ