ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ТАТВАР ТӨЛӨХӨӨС ЗАЙЛСХИЙВЭЛ ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭНЭ
2026-10-14 Админ Хандсан тоо: 12 Хуваалцах
| Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2026/ДШМ/1011 |
|---|---|
| Тоймын дугаар, огноо: | 2026-08-05 /12/ |
| Шийдвэрийн төлөв: | Хүчин төгөлдөр болсон |
| Санамж: | Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй, бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно”. |
Шүүгдэгч Э нь нэгэн компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хоорондох компанийн үйл ажиллагааны орлогыг хувийн дансаараа авч, аж ахуй нэгжийн орлогын албан татвар 50,615,068 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 147,863,002 төгрөг, нийт 198,478,071 төгрөгийн татвар ногдох орлогыг татварын тайландаа тусгаагүй үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.
Анхан шатны шүүх шүүгдэгч “Э”-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч “... “Э”-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьектив талын шинжийг хангаагүй байхад гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй...” гэж давж заалдах гомдол гаргасны дагуу давж заалдах шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.Тодруулбал, энэ гэмт хэргийн хувьд “их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан” бол шинж нь хангагдахаар хуульчилсан бөгөөд дээрх татвар ногдох их хэмжээний орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээ гэдгийг 50,000,000 төгрөгөөс дээш хэмжээгээр тооцон ойлгоно.
Шүүгдэгчийн тухайд түүний хувийн дансаар орж байгаа хуулийн этгээдийн орлого бүрд татвар ногдох бөгөөд үүнийгээ татварын тайландаа тусгаж, ногдох татварыг төлөх, суутган тооцож улсын төсөвт шилжүүлэх үүрэгтэй гэдгээ аж ахуй нэгжийн үйл ажиллагааг удирдан явуулж байгаа албан тушаалтны хувьд мэдэх үүрэгтэй юм.Гэтэл шүүгдэгч энэ үүргээ биелүүлэлгүйгээр 2021-ээс 2023 оныг дуустал хугацаанд “Б” ХХК-ийн олсон орлогыг хувийн дансаараа авч энэ орлогыг нь татварын тайландаа тусгаагүй нь түүний үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, зориудаар хэрэгжүүлсэн байх гэмт хэргийн гэм буруугийн санаатай хэлбэрийг хангасан төдийгүй нуусан орлогын хэмжээ нь 50,000,000 төгрөгөөс дээш байх тул “татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэргийн шинжийг хангана гэж шүүх үзсэн болно.
Тойм бэлтгэсэн: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга