ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
Албан уулзалт хийв
2026-10-02 Админ Хандсан тоо: 128 ХуваалцахШүүхийн сургалт судалгаа мэдээллийн академийн захирал Д.Эрдэнэчимэг БНСУ-ын Шүүхийн сургалт, судалгааны хүрээлэнгийн Ахлах профессор, Давж заалдах шатны шүүхийн шүүгч И Жүн Мён, Шүүхийн сургалт, судалгааны хүрээлэнгийн профессор Кан Дун Вон нартай 2026 оны 10 дугаар сарын 02-ны өдөр албан уулзалт хийлээ. Уулзалтын үеэр талууд “Монгол Улсын шүүхийн үйл ажиллагааг цахимжуулах хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх нь (2025-2027)” сэдэвт 2026 оны хамтарсан сургалт амжилттай болж өнгөрснийг тэмдэглэлээ.
БНСУ-ын Шүүхийн сургалт, судалгааны хүрээлэн болон Монгол Улсын Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи 2021 онд Хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд 2022 онд 19 шүүгч, 2023 онд 8 шүүгч, 2024 онд 17 шүүгч харин 2026 онд шүүгч болон шүүхийн цахимжилт хариуцсан ажилтнуудаас бүрдсэн нийт 29 оролцогчийг мэргэшүүлэх сургалтад хамруулаад байна. Мөн уулзалтын үеэр ирэх жилүүдэд хийх сургалтын сэдэв агуулгын талаар харилцан санал солилцлоо.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ