ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
Түгжээ, дохиоллоор хамгаалсан тээврийн хэрэгслээс бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэл "тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрсэн" гэх хүндрүүлэх бүрэлдэхүүнд хамаарах үндэслэлтэй
2026-08-10 Админ Хандсан тоо: 12 Хуваалцах
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Монгол Улсын дээд шүүх Эрүүгийн хэргийн танхим 2026.06.24-ний өдрийн 2026/ХШТ/70 тогтоол (хэсэгчлэн авав)
Шүүхийн шийдвэрийн тойм: №91 /ЭХТ-31/, 2026.07.09
Төлөв: Хүчинтэй
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Шүүгдэгч Ж нь бусдын өмчлөлийн цоожтой байсан автомашины хаалганд түлхүүр тааруулж онгойлгон, бүхээг дотроос нь галт зэвсэг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүхээс прокурорын зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, уг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан энгийн хулгайлах гэмт хэргээр зүйлчилж ял оногдуулсан бол, давж заалдах шатны шүүхээс цоожтой автомашины бүхээгээс эд зүйл хулгайлсан нь "тусгайлан хамгаалсан агуулах"-д нэвтэрсэн шинжтэй гэж дүгнэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “машины хаалганд түлхүүр тааруулсан гэх хангалттай үндэслэл тогтоогдоогүй байхад давж заалдах шатны шүүх хүндрүүлэн зүйлчилсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” хэмээн хяналтын шатны шүүхэд гомдол гаргажээ.
Улсын дээд шүүхийн хяналтын шатны хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэхдээ дараах хууль зүйн тайлбарыг хийв.
Хэдийгээр тээврийн хэрэгсэл нь хүн, ачаа тээвэрлэх үндсэн зориулалттай боловч өмчлөгчөөс эд хөрөнгөө гадны халдлагаас сэргийлж механик (цоож) болон цахим, ухаалаг технологиор түгжиж битүүмжилсэн орон зай нь эд хөрөнгө хадгалах "агуулах"-ын үүргийг түр давхар гүйцэтгэдэг.
Гэмт этгээд бусдын хөрөнгийг авах зорилгоор автомашины хаалганы механик түгжээг эвдэх, түлхүүр тааруулах, цонх хагалах, эсхүл цахим түгжээ, дохиоллыг саармагжуулах зэргээр өмчлөгчийн зориудаар тогтоосон хамгаалалтыг даван туулж бүхээгт хууль бусаар орсон үйлдэл нь энгийн хулгайн гэмт хэргээс нийгмийн аюулын шинж чанараараа илт давуу юм. Энэ нь орон байр, агуулахад нэвтэрч үйлдэгдсэн гэмт хэрэгтэй нэгэн адил өмчлөх эрх болон хувийн орон зай халдашгүй байх эрхэд давхар халддаг тул Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан "тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч" гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүнд хамаарна.
Харин өмчлөгч, эзэмшигч нь тээврийн хэрэгслийнхээ хаалга, цонхыг онгорхой орхисон, эсхүл түгжихээ мартсан зэрэг шалтгаанаар хамгаалалтын түгжээг идэвхжүүлээгүйн улмаас гэмт этгээд ямар нэгэн саадгүйгээр эд хөрөнгийг авсан тохиолдолд "саадыг даван туулсан, хамгаалалтад халдсан" гэх шинж үгүйсгэгдэх тул Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэх нь зүйтэй гэж тайлбарлалаа.
Тоймыг бэлтгэсэн: Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ