ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
Яллагдагчаар татах тогтоолыг хуулийн хугацаанд танилцуулаагүй мөрдөн шалгах байгууллагын эс үйлдэхүй нь гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг зогсоох үндэслэл болохгүй
2026-08-10 Админ Хандсан тоо: 10 Хуваалцах
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Монгол Улсын дээд шүүх Эрүүгийн хэргийн танхим 2026.07.01-ний өдрийн 2026/ХШТ/81 тогтоол (хэсэгчлэн авав)
Шүүхийн шийдвэрийн тойм: №92 /ЭХТ-30/, 2026.07.09
Төлөв: Хүчинтэй
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Шүүгдэгч М нь 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр бусдын биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч М-ийг гэм буруутайд тооцож, 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэн, хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүхээс уг шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хяналтын шатны шүүхэд хандан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх агуулга бүхий гомдол гаргажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар шүүгдэгч М-ийн холбогдсон гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 1 жил бөгөөд уг хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолохоор хуульчилсан. Хэрэгт авагдсан баримтаар тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс тоологдож, 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдөр дуусгавар болох учиртай байв.
Прокуророос хөөн хэлэлцэх хугацаа дуусахын өмнөх өдөр буюу 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр яллагдагчаар татах тогтоол үйлдсэн боловч мөрдөгч хуульд заасан “даруй” танилцуулах үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй гаргаж, хугацаа дууссанаас хойш 13 хоногийн дараа буюу 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр сэжигтэнд танилцуулжээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн оргон зайлсан зэрэг хөөн хэлэлцэх хугацааг зогсоох онцгой нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Хяналтын шатны шүүхээс яллагдагчаар татах ажиллагаа нь прокурор тогтоол үйлдэх төдийгөөр хязгаарлагдахгүй бөгөөд уг тогтоолыг сэжигтэнд албан ёсоор танилцуулснаар бүрэн хэрэгжиж дуусна гэж тайлбарлав. Өөрөөр хэлбэл, тогтоол үйлдэх болон түүнийг танилцуулах ажиллагаа нь салшгүй нэгдмэл байж хөөн хэлэлцэх хугацааг зогсоох хууль зүйн үр дагавар үүсгэнэ.
Хуулиар хүлээсэн үүргээ хангалттай биелүүлээгүй мөрдөх байгууллагын эс үйлдэхүйгээс шалтгаалж үүссэн цаг хугацааны алдагдлыг шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулан тайлбарлаж, хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа яллагдагчаар татах нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчимд нийцэхгүй юм.
Дээрх үндэслэлээр хяналтын шатны шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хууль хэрэгжүүлэгчийн эс үйлдэхүйг орхигдуулан ял шийтгэл оногдуулсан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна гэж дүгнэн, шийтгэх тогтоол болон магадлалыг хүчингүй болгож, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Тоймыг бэлтгэсэн: Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ