ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ӨӨРИЙН ТӨРСӨН ХҮҮХДЭЭ ТЭЖЭЭГЧЭЭ АЛДСАН МЭТЭЭР АСРАН ХАМГААЛАГЧААР НЬ ТОГТООЛГОЖ, ТЭТГЭМЖ АВЧ БАЙСАН ЭТГЭЭДЭД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭВ
2026-07-09 Админ Хандсан тоо: 21 Хуваалцах
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх, 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/101 дүгээр шийтгэх тогтоол
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй
Шүүхийн шийдвэрийн тойм: 2026.05.01№04
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Шүүгдэгч А.Ж-нь .... аймгийн ....сумын засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 50 дугаартай “Хүүхэд үрчлүүлэх тухай” захирамжаар 2010 оны 02 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү Ж.А-г 7 сар, 19 хоногтой байхад өөрийн эцэг, 76 настай М.А, эх болох 75 настай, Х.К нарт үрчлүүлжээ.
Улмаар....шүүгдэгч Ж.А-ийн 7 сартай нялх хүүхдийг залуу эцэг, эх нь байсаар байхад өндөр настай эцэг эхэд нь үрчлүүлэх шийдвэрийг гаргасан сумын засаг дарга нь өөрийн урьд гаргасан шийдвэрийг Гэр бүлийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д заасан “Хүүхдийг тэдний ашиг сонирхлын үүднээс үрчлүүлнэ” гэх заалтыг зөрчиж, хууль бус үрчлэлт явагдсан байна гэх үндэслэлээр 2011 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч А.Ж-ийн 7 сартай хүүхдийг үрчилж авсан түүний эцэг, 76 настай М.А-нь ач хүүгээ үрчилж авснаас хойш 2 сарын дараа 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдөр өвчнөөр эмнэлэгт нас барсан, эх Х.К-нь ач хүүгээ үрчлэн авснаас хойш 2 жилийн дараа 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гэртээ нас барсан байна.
Гэтэл шүүгдэгч А.Ж-нь өөрийнх нь нялх хүүхдийг үрчлэн авсан гэх 76 настай төрсөн эцэг М.А, 75 настай төрсөн эх Х.К нарыг нас барснаас хойш 3 орчим жилийн дараа, мөн А.Ж-ийн хүүхдийн үрчлэлтийг хүүхдийн эрх ашгийн төлөө явагдаагүй, хууль зөрчсөн гэх үндэслэлээр сумын засаг даргын захирамжаар хүчингүй болгосон гэдгийг мэдэж байсан атлаа өөрийн хүү А-г бүтэн өнчин болсон, өөрийгөө төрсөн хүүгийнхээ төрсөн ах мэтээр ..... аймгийн .....сумын Засаг даргад холбогдох материалыг бүрдүүлэн өгч, улмаар тус сумын засаг дарга А.А-ийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр А/93 дугаартай “Асран хамгаалагч тогтоох тухай” захирамжаар төрсөн хүү А-гийн асран хамгаалагчаар тогтоолгож, 2017 оны 01 дүгээр сараас 2024 оны 03 дугаар сарыг дуустал хугацаанд ХААН банкинд байрших өөрийн эзэмшлийн .....тоот дансаар нийгмийн халамжийн сангаас 32.701.063 төгрөгийн тэжээгчээ алдсаны тэтгэмж авсан болох нь тогтоогдсон байна.
Шүүгдэгч А.Ж-нь хувийн байдлын хувьд дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ...сумын сургуулийн дотуур байрны хүмүүжүүлэгч багшаар ажилладаг, хувьдаа тус аймгийн .....суманд байрлах ....кв, талбай бүхий, 2 давхар худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөтэй, сумандаа хүнсний дэлгүүр ажиллуулж, орлого олдог, мөн төрд ажиллаж цалин авдаг, тогтмол цалин, хөлс, дэлгүүрийн орлоготой, мал хөрөнгөтэй, боломжийн амьдралтай болох нь хэрэгт тогтоогдсон бөгөөд шүүхээс шүүгдэгч А.Ж-г анхнаасаа нийгмийн халамжийн тэтгэврийг хууль бусаар авч, амар хялбар аргаар мөнгөтэй болох шунахайн сэдэлтээр өөрийн 7 сартай хүү А-г өндөр настай, өвчний улмаас насан эцэслэх нь илэрхий байсан эцэг М.А, нялх хүүхдийн асаргааг гардан гүйцэтгэх, асран хамгаалах, хүүхдийг хүмүүжүүлэх зохих боломжгүй эмэг эх Х.К нарт үрчлүүлж, хүүхдийг нь үрчлэн авагч эцэг эхийгээ нас барсны дараа, үрчлэлтийг хүчингүй болгосныг мэдэж байсан атлаа хүү А-гийн нэрээр тэжээгчээ алдсаны тэтгэмж авсан нь Нийгмийн халамж, үйлчилгээг хууль бусаар авах гэмт хэргийн шинжтэй байна гэж үзлээ.
Учир нь: Шүүгдэгч А.Ж-ийн төрсөн хүү А-г өвөг эцэг М.А, эмэг эх Х.К нар үрчлэн авсан гэх боловч бодит амьдрал дээр А-г 7 сар, 19 хоногтойдоо өвөө, эмээдээ үрчлүүлснээс тэдгээрийг нас барах хүртэл хугацаанд хүүг үрчлэн авсан гэх өндөр настай М.А, Х.К нар нь ач хүү А-г гэр бүлдээ авч, тусдаа амьдарч асран хамгаалж, харгалзан дэмжиж, тэжээн тэтгэж байгаагүй,
Шүүгдэгч А.Ж-гийн төрсөн хүү А-нь өвөг эцэг М.А, эмэг эх Х.К нарыг нас барснаар бүтэн өнчин болоогүй, тэжээгчээ алдаагүй буюу түүнийг төрүүлсэн залуу эцэг, эх нь амьд сэрүүн байгаа төдийгүй, шүүгдэгч А.Ж, түүний эхнэр М нар нь хүүгээ өндөр настай эцэг, эхдээ үрчлүүлснээс үл хамааран А-г төрсөн цагаас нь эхлэн өдийг хүртэл төрсөн эцэг, эхийн хувиар асран хамгаалах, тэжээн тэтгэх хуульд заасан үүргээ биелүүлж, хүү А-гийн хамт нэг гэр бүлд амьдарч, хүүгийнхээ амьдралын наад захын хэрэгцээ шаардлагыг хангасаар байгаа нь тогтоогдсон,
Шүүгдэгч А.Ж-нь эцэг эхдээ үрчлүүлсэн гэх хүү А-гийн төрсөн ах нь биш, төрсөн эцэг нь бөгөөд А.Ж-ийн хүү А-нь Нийгмийн халамжийн тухай хуульд заасан гэр бүлийн халамж, асрамж дутагдалтай, асран хамгаалах, харгалзан дэмжих, тэжээн тэтгэх хүнгүй, бүтэн өнчин, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй авах шаардлагатай, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд биш болох нь тогтоогдсон зэрэг нөхцөл байдлуудыг үндэслэн шүүхээс шүүгдэгч А.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жил хорих ялаар шийтгэв.
Мөн шүүгдэгч А.Ж-гийн төрөөс хууль бусаар авсан тэжээгчээ алдсаны тэтгэмж 32.701.063 төгрөгийг түүнээс гаргуулж, нийгмийн халамжийн тэтгэврийн даатгалын санд нөхөн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://courtbu.mn/site/decision_full/37
Тоймыг бэлтгэсэн: Баян-Өлгий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа