ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ХУУЛЬД ЗААСАН ХУГАЦААГ ЗӨРЧИЖ ГЭРЭЭ БАЙГУУЛСАН АЛБАН ТУШААЛТАНД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭВ
2026-06-30 Админ Хандсан тоо: 17 Хуваалцах

Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2026/ДШМ/12 дугаар магадлал.

Тоймын дугаар, огноо: №08, 2026.06.26.

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

САНАМЖ: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой.

Хэргийн агуулга: Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газрын дарга Х.Б нь сумын төвийн хатуу хучилттай авто замын зураг төсөв боловсруулах тендер зарлаж, улмаар хуульд заасан ажлын 6-аас доошгүй өдрийн хугацааг хүлээлгүйгээр (мэдэгдэл хүргүүлснээс хойш 4 дэх өдөрт) “К” ХХК-тай гэрээ байгуулж, бусдад давуу байдал олгосон гэмт хэрэгт; мөн тус газрын нягтлан бодогч Л.У нь өрсөлдөгч хуулийн этгээдээс гомдол гаргасны дагуу Сангийн яамнаас тендертэй холбоотой материалыг ирүүлэх тухай албан бичгийг түүний хувийн цахим шууданд илгээсээр байхад материалыг хугацаанд нь хүргүүлээгүй, гомдол хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт тус тус холбогдсон.

Анхан шатны шүүхээс тэднийг “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг (Эрүүгийн хуулийн 22.1) үйлдсэн гэм буруутайд тооцож, тус бүрийг 2 жил нийтийн албанд ажиллах эрхийг хасаж, 2 жил зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэжээ.

Шүүхийн дүгнэлт, хууль хэрэглээ: Давж заалдах шатны шүүх хэргийг хянаад дараах дүгнэлтийг хийв:

- Засаг даргын Тамгын газрын дарга Х.Б-ын тухайд: Тэрээр тендерт шалгараагүй “И” ХХК-аас Сангийн яаманд гомдол гаргасныг мэдсээр байж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29.2-т заасан хугацааг санаатай зөрчиж “К” ХХК-тай гэрээ байгуулсан. Энэ үйлдэл нь өрсөлдөгч компанийн гомдол гаргах, дээд шатны байгууллагаас гомдлыг хянан шийдвэрлэх эрхийг хязгаарлаж, “К” ХХК-д давуу байдал олгосон гэмт хэргийн шинжийг хангасан.

- Нягтлан бодогч Л.У-ын тухайд: Сангийн яамны албан бичгийг байгууллагын албан ёсны хаягаар бус, ажилтны хувийн цахим шуудангаар хүргүүлсэн нь түүнд хууль ёсны үүрэг үүсгэхгүй. Хууль, журамд зааснаар тендерийн материалыг хүргүүлэх үүргийг “захиалагч” буюу Б сумын Засаг даргын Тамгын газар хүлээх бөгөөд ажилтныг хувийн хаягтаа ирсэн бичгийг шийдвэрлээгүй гэж буруутган эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны болон гэм буруугийн зарчимд нийцэхгүй.

Давж заалдах шатны шүүх: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Х.Б-т холбогдох хэсгийг хэвээр үлдээж, Л.У-д холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэв.

Тоймыг бэлтгэсэн: Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек

Магадлалыг эх хувиар нь үзэх цахим холбоос:

https://shuukh.mn/single_case/24923?daterange=2026-01-01%20-%202026-06-30&id=2&court_cat=2&bb=1